“Биржийн бус зах зээлийн журам”-ыг батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-12-10 15:44:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. СЗХ-ны ээлжит хуралдаан өчигдөр болж, “Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам”-ыг баталлаа.

Үнэт цаасны зах зээлийн хуульд биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам тогтоож, хэрэгжилтийг хянах эрхийг СЗХ-нд олгосон. Энэ дагуу дээрх журмыг хэлэлцэж баталжээ. Ингэснээр манай улс мэргэжлийн хөрөнгө оруулагч нарт чиглэсэн биржийн бус зах зээлийн нарийвчилсан эрх зүйн зохицуулалттай болж байна. Улмаар олон улсын жишигт нийцсэн биржийн бус зах зээл хөгжих үндэс суурь тавигдаж байна. 

Тодруулбал, биржийн бус зах зээлийн үйл ажиллагаа нээгдсэнээр компаниудын хувьд компанийн хаалттай өрийн хэрэгслийг арилжаалах эрх зүйн орчин бүрдэж байна. Ингэснээр үнэт цаас гаргахад цаг хугацаа, зардал хэмнэхээс гадна хөрөнгө оруулагчийн зүгээс хаалттай өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээл үүсэх, үнэт цаасны хөрвөх чадвар сайжрах, мэдээллийн ил тод байдал хангагдах зэрэг чухал ач холбогдолтой аж. 


Нийтэд санал болгон гаргах үнэт цаасны шаардлага, шалгуурыг хангахад хүндрэлтэй байгаа жижиг, дунд үйлдвэрлэгч нарт биржийн бус зах зээлээс санхүүжилт босгох таатай нөхцөл бүрдэнэ.


Биржийн бус зах зээлд оролцогч хөрөнгө оруулагч нарт тодорхой шаардлага, шалгуур тавих юм. Ингэснээр зах зээлийн талаар хангалттай мэдлэг, мэдээлэл байдаггүй, эрсдэл даах чадвар сул, жижиг хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах боломж бүрдэх юм.


Манай улсад үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн оролцогч байгууллагуудын төлөөллийг багтаасан “Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо" ажилладаг. Тус холбоо одоо журмаар биржийн бус зах зээлийг удирдан зохион байгуулах үүрэг хүлээж байна. Үүнтэй холбоотойгоор дээрх холбоо биржийн бус зах зээлийн нарийвчилсан харилцааг зохицуулсан журмуудыг боловсруулахаас гадна арилжааны цахим программ хангамжийн бэлэн байдлыг ирэх оны I улиралд багтаан бүрэн хангаж, биржийн бус зах зээлийн үйл ажиллагааг эхлүүлнэ гэсэн хүлээлттэй байна. 

Биржийн бус зах зээлийн үйл ажиллагаа нь заавал хөрөнгийн бирж гэхгүйгээр түүнийг алгасч хийж болох үнэт цаасны худалдаа юм. 


Связанные новости