Элчин сайд Д.Даваа ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргуловтой уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2020-12-16 16:43:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Давааг ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов энэ сарын 15-нд хүлээн авч уулзав.


Уулзалтаар хоёр талын хамтын ажиллагааны зарим асуудлыг хэлэлцсэн бөгөөд энэ жил хоёр орны харилцааг шинэ түвшинд гаргасан “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээ” хүчин төгөлдөр болсоныг талууд онцлон тэмдэглэв. Мөн энэ онд дэлхий дахинд цар тахлын дэгдэлт намжихгүй байгаа амаргүй энэ нөхцөлд Монгол Улсын Гадаад харилцааны сайдын ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалыг амжилттай зохион байгуулж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд хамтран ажилласныг дурьдаж ОХУ, БНХАУ-ыг холбох байгалийн хийн хоолойн төсөл бодитоор урагшилж байгааг сайшаав.


Түүнчлэн 2021 онд тохиох Монгол Улс, ОХУ дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд хоёр талын өндөр түвшний харилцан айлчлал, хамтарсан ажлуудыг зохион байгуулах, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүх салбарт шинэ агуулгаар баяжуулахад ач холбогдол өгөхөөр санал нэгдэв.

Связанные новости