Аймгийн Засаг дарга сумдад ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-12-17 20:25:27
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат өнөөдрөөс сумдад ажиллах томилолтоо эхлүүллээ.
Тэрбээр сумдын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдалтай танилцах, төсөвт байгууллагын удирдлагууд, төрийн албан хаагчидтай уулзалт хийх, бүтээн байгуулалтын ажил, мал тооллого, Малын тоо толгойн албан татварын тухай хууль хэрэгжин эхэлж буйтай холбогдуулан орон нутагт ийнхүү ажиллаж байна.
Засаг дарга Ц.Идэрбат, ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Н.Хүрэлээ нар өнөө өглөө Тахилгат тосгонд ажиллав. Тосгоны захирагч болон төрийн байгууллагын ажилтнуудтай уулзаж, захирагч Ш.Шинэбаярт улсын төсвийн хөрөнгөөр хийх тосгоны төвийн нэгдсэн халаалт, төрийн байгууллагын ажилчдын байрыг засварлахтай холбогдуулан зураг, ТЭЗҮ-ийг яаралтай боловсруулж, бэлтгэхийг даалгалаа. Тосгоны захирагч тосгоны цахилгаан эрчим хүч шийдвэрлэгдэж, өндөр хүчдэлтэй болсон. Ирэх жил үүрэн холбооны сүлжээ оруулах, шатахуун түгээх станцтай болохоор төлөвлөн ажиллаж буйгаа мөн үеэр дуулгалаа. Ингэснээр цаашдаа тосгоны төвд хүн ам суурьших, хөдөө аж ахуйд суурилсан үйлдвэрлэл хөгжих нөхцөл тавигдана гэж үзэж байна.
Аймгийн Засаг дарга Тахилгат тосгоны эрүүл мэндийн төвийн ажилтан албан хаагчидтай мөн уулзлаа. Монгол Улсын Ерөнхий сайд Хэрлэн суманд ажиллах үеэрээ Тахилгат тосгоны хөдөлмөрчидтэй уулзаж, 160 гаруй сая төгрөгийг шийдвэрлэж өгснөөр эрүүл мэндийн төвийн их засварыг хийсэн байна. Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Б.Эрдэнэцэцэг уулзалтын үеэр залуу боловсон хүчин, сувилагч, бага эмч шаардлагатай байна. Эмч, сувилагчийн оронд тоонд тэтгэвэрт гарсан эрүүл мэндийн ажилтныг ажиллуулж байгаа. Эмнэлэгт их засвар хийгээд сайхан болсон боловч тоног төхөөрөмж, нэн шаардлагатай - хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат хэрэгтэйг уламжлав. Засаг дарга эмнэлгийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, шаардлагатай тоног төхөөрөмжид таван сая төгрөгийг шийдвэрлэхээр боллоо.
Тахилгат тосгонд 216 малчин өрх, 115 мянга гаруй толгой малтай өвөлжиж байна. Өвөлжилт хүндрээгүй, айл бүрт 6 га газарт хадлан бэлтгэх газар олгож, нэг айл 5-10 автомашин өвс авсан, Хэрлэн сумын нөөцөд 500 боодол өвс бэлтгэснийг тосгоны захирагч мэдээллээ.
Связанные новости