Малын тоо толгой бүрт татвар тогтоох нь шударга явдал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-01-05 13:35:47

Булган /МОНЦАМЭ/ Монгол Улсын Малын тоо толгойн албан татварын тухай хууль энэ оноос эхлэн хэрэгжиж байгаа юм. Энэ сарын 4-нд хуралдсан Засгийн газрын хуралдаанаар ирэх 7-р сарын нэгэн хүртэл малчдаас татвар авахгүй байх талаар шийдвэрлэсэн байна. Булган аймгийн Татварын хэлтсийн мэдээлснээр Хишиг-Өндөр, Хангал зэрэг гурван суманд малын тоо толгойн татварын хэмжээг тогтоож, Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлэхээр уламжилжээ. Малчид малын тоо толгойн татварын талаар ямар бодолтой байгааг тодрууллаа.

 Хишиг-Өндөр сумын малчин Д.Төмөрбаатар:

          - Малаас зохих хэмжээний татвар авахыг дэмжиж байна. Харин малын татварыг мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангахад зарцуулах хэрэгтэй байгаа юм. Тухайлбал малын бэлчээрийн даац их хэмжээгээр хэтэрсэн өнөөгийн нөхцөлд хадлангийн талбайг хашиж хамгаалах, тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд татварын орлогыг зарцуулах нь зөв юм. Мөн мал аж ахуйн таваарлаг чанарыг сайжруулах, үүлдэрлэг байдлыг дээшлүүлэх, ашиг шим өгөөжийг нэмэгдүүлэх, мал эрүүлжүүлэх арга хэмжээнд татвараас бүрдүүлсэн хөрөнгийг ашиглах санал байна.

          Малын татварыг сумын төсвийн орлогын нэг хэсэг болгоод яг хөдөө аж ахуйд чиглэсэн төсөл арга хэмжээг санхүүжүүлэхгүй, төсвийн байгууллагын урсгал зардлыг даах юм бол малын татварын үр өгөөж, үр дүнгээ өгөхгүй өнгөрнө. Малын татварыг эргээд энэ чиглэлд нь зарцуулж төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх нь зөв гэж үзэж байна.

Сайхан сумын малчин П.Уламбаяр:

          - Малын тоо толгойгоос татвар авахыг дэмжихгүй. Төр малчдад дарамт үзүүлж байгаа нэг хэлбэр. Өнөөдөр мянган малтай малчныг их хангалуун амьдарч байгаа мэт ойлгодог. Амьдрал дээр үгүй шүү дээ. Өнгөрсөн өвөл, хавар манай нутагт ихээхэн зутруу байж олон тооны мал хорогдсон. Зарим малчид сүргийнхээ талаас салсан. Мянгат малчин гээд хүүхдүүддээ шууд орон сууц аваад өгөх бололцоогүй л байна. Бэлчээрийн даац муудлаа. Малын тоо толгой түүнд тохируулах тухай асуудал яриад байдаг. Малчид малтайгаа байвал ам тосдоно шүү дээ. Малын татварыг сайн судалж байж шийдэх санал байна.

Сайхан сумын малчин М.Ганбат:

          - Малын тоо толгой бүрт татвар тогтоох нь шударга. Цөөн малтай иргэдийг чөлөөлөх асуудал гаргавал бүгд малынхаа тоог дараад өрхийнхөө хүн амдаа хуваагаад тоолуулна. Банкны зээл авахад өрхийнхөө малын тоо толгойг өсгөж тодорхойлуулсан тохиолдол ч дуулддаг. Таван малтай бол түүнд тохирох татвараа төлөх нь зөв. Таван зуун малтай бол түүнийхээ хэмжээгээр төлөх ёстой. Бэлчээрийн төлөв байдлаа бодвол адуу, ямаа хоёрт татвар нь бусад малын төрлөөс ялимгүй ахиу байхад болохгүй зүйлгүй мэт санагдана.

Связанные новости