БУЛГАН: Малчид асуудлаа бүлээрээ шийдэх нь үр дүнтэй байдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-11-07 17:06:56

Булган, 2025 оны арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ сумын Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтнүүдтэй уулзаж, малчид, тариаланчид, үйлдвэрлэгчдийн тулгамдсан асуудал, хийж хэрэгжүүлж буй ажлын талаар ярилцлаа. Сэлэнгэ сумын бүх малчин бүлгийн зохион байгуулатад 100 хувь орсон байна.

П.Баттулга: Манай сумын ХАА-н салбар бол бахархан дурсах арвин түүхтэй.
-Сэлэнгэ сумын ХАА салбарын оргил үе хэзээ байв?
-Одоогоос 41 жилийн тэртээ буюу 1984 онд сэлэнгэ үхрийн үүлдэр батлагдах үед 30 гаруй суурьтай, олон мэргэжилтэнтэй оргил үе байсан юм. Энэ үүлдэр батлагдахад хичээж ажилласан 7 хүнд Монгол улсын төрийн соёрхол өгсөн байдаг юм. Сэлэнгэ сумын ХАА салбарын түүх, бүтээн байгуулалт, алдар гавьяа бол бахархан дурсаад дуусамгүй арвин түүхтэй байдаг даа .

-Танай сумын ХАА-н онцлог? -Манай сум газар тариалан, мал аж ахуйг олон жил зэрэгцэн хөгжүүлж буйгаараа онцлогтой. Газар тариалангийн аваргууд жил бүр төрөн гарч байна. Харин мал аж ахуй харьцангуй цөөтэй учир улсын аварга малчин 1984 оноос хойш төрөөгүй. Бид улсын аварга малчид төрүүлэхийн тулд юуг илүү их анхаарах вэ гэдэг дээр судалгаатайгаар хичээн ажиллаж байна. -Малын хөлийн татвараа яаж шийдвэрлэдэг вэ, орон нутагтаа зарцуулж чаддаг уу? -Малын хөлийн татвараараа тухайн жилд батлагдсан төсвийн хэмжээнд малчдынхаа тулгамдсан асуудлуудыг шийддэг. Манай сумын малчид гол голоороо, ам амаараа бүл болсон. Сумандаа нийт 14 бүлэгтэй. -Малын голомтот халдварт өвчин хэр гардаг вэ? Хэрхэн тэмцэж байна? -Манай суманд малын гоц халдварт өвчин харьцангуй бага, манайхаас сэлэнгэ үүлдрийн өсвөр үхрийг үржлийн чиглэлээр гаднын аймаг, сумынхан их ирж авдаг учраас бид малаа эрүүл байлгахын тулд илүү их анхаарч, тарилга, туулгыг тогтмол хийж, эрүүл мэндийг нь хянадаг. -Үржлийн чиглэлээр гадагшаа гаргаж буй малыг цөм сүргийн хүрээнд бодлогоор захиалгаар нийлүүлдэг үү, малчид өөрсдөө түншлэлээ олж байна уу? -Цөм сүргийн үед захиалгаар өгдөг байсан бол одоо өөрсдөө үхрийн хэв шинжээ хараад худалддаг. -Бүлгийн зохион байгуулалтад малчид 100 хувь орсон уу? -Хөдөөгийн бүх малчин бүлгийн зохион байгуулалтад орсон, сумандаа 14 бүлэг болон хуваагддаг. Асуудлаа бүлээрээ шийддэг. -Хувийн мал сүргийн сайжруулалт, хэв шинжийг хадгалахад хэр хүндрэл гарч байна ? -Энэ нь маш хүндрэлтэй. Сэлэнгэ үхрийн хэв шинж чанар бүрдсэн үхрийг малчиндаа таны энэ үнээний энэ тугал бяруу худалдаж болохгүй гэхэд, худалдаж авах хүмүүс маань үнээ нэмж хэлээд авчихдаг тохиолдол мэр сэр гардаг. Гэхдээ манай малчид харьцангуй сүргийн сайжруулалт, төрөөс баримтлах бодлого чиглэлийг хэрэгжүүлэхэд дуулгавартайгаар зохион байгуулалтад орж чадаж байгаа.


-Сэлэнгэ үүлдрийг бий болгохоор олон жил ажилласан туршлагатай мэргэжилтэн, бааз суурь танай суманд түлхүү байх шиг харагддаг? -Сумын хэмжээнд 41 мянгат малчинтай, 600 гаруй хүн мал аж ахуйд ажиллаж байна. Жил бүр үзлэг ангилалтаар 164 орчим өрхөд цөм сүргийн сайжруулалт хийсэн. Хөдөө аж ахуйн чиглэлээр манай суманд 38 мэргэжилтэн, ахмад малын эмч нар, зоо техникч нар амьдардаг гэсэн судалгаа гарсан.


-Малчдын нийгмийн асуудлыг хэрхэн дэмжиж байна? -Малчид өөрсдөө л малаа эдийн засгийн эргэлтэд оруулдаг. Манай сумын зах зээл нь Эрдэнэт хот болохоор ер нь гайгүй шүү. Сумаас бид нийт малынхаа 20 хувийг зах зээлд нийлүүлэх хэрэгтэй гэдгийг санал болгон анхааруулдаг.


-ХАА салбарт тулгамдаж байгаа ямар асуудал байна.? -Бид бухыг суурилан сүргийн бүтцийг сайжруулах шаардлагатай байгаа. Бухын суурийг хариулах санхүү цалин мөнгөний асуудал тулгарч байна. Түүнийг шийдэх хөрөнгө оруулалтыг төрөөс бодлогоор дэмжих шаардлага тулгараад байна. Хэрвээ бухын суурьтай болчихвол соёолонгоос дээш насны бухыг хээлтүүлэгчээр гаргаж малын өсөлтөд анхаарах сүргийн сайжруулалтыг хянах боломж байгаа юм.

Хүнс, жижиг дунд үйлдвэрлэл хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Мөнхчимэг:
Нутгаа хөгжүүлэх үйлсэд чадах бүхнээ зориулна
-Тантай уулзахад хөдөөд харьцангуй залуу хүмүүс ажиллаж байгааг хараад бахархах сэтгэл төрлөө.
-Тийм ээ би Сэлэнгэ сумын уугуул иргэн. Улаанбаатар хотод Бизнесийн удирдлагаар төгссөн.
Сэлэнгэ сум маань байгалийн үзэсгэлэн цогцолсон, хүн ард нь хөдөлмөрч, тайван амгалан сайхан нутаг шүү.
Манай нутаг сэлэнгэ үүлдрийн цагаан толгойт үхрээрээ улсдаа алдартай, газар тариалангаараа улсдаа 3-т орж байсан улсын тэргүүний Ингэт толгойн САА гэж байлаа.

-Анх ажлаа аваад юунаас юунаас эхлэв?
-Ер нь хоршооллын ажлаас л гараагаа эхэлсэн гэх үү дээ. Намайг анх ажлаа авахад 12 хоршоо бүртгэлтэй байсан. Эд маань хэр чадлаараа л ажиллацгааж байсан л даа. Шинэ хоршоо чинээлэг малчин хөдөлгөөн үүсэн байгуулагдсанаас хойш 28 хороо бий болоод одоогоор Сэлэнгэ суманд 40 хоршоо үйл ажиллагаагаа явуулж байна.
-Өмнө нь хоршооны үйл ажиллагаа ямар шатанд явж байсан бол?
-Өмнө нь хоршоолол явуулъя гэхэд идэвх нь сул байсан тал бий. Яагаад гэвэл санхүүг нь зоригтой шийдэхэд дутагдалтай бөгөөд хөтөлбөрийн үр дүн төдийлөн сайнгүй, хоршоологчдоо идэвхжүүлэхэд тааруу хандаж байсан юм болов уу даа гэж санагддаг. Одоо бол Засгийн газраас гаргаж буй оновчтой хөтөлбөрүүдийн үр дүнд шаардлагатай санхүүг шийдэж, үйл ажиллагаа нь идэвхтэй болсон. Манай сум өөрсдөө шаардлагатай тоног төхөөрөмжөө авч үйлдвэрлэлээ тогтворжуулах тал дээр сайн ажиллаж байна. Мөн мал худалдаж санхүүгийн эргэлтэд оруулж байна. Ийм болохоор хоршоолол маань бойжилтын үе шатандаа идэвхтэй явж байна гэж хэлж болно. Хүүхэд хөлд орохдоо тэнцвэрээ зохих хугацаанд олдог шиг, аливаа ажлын жигдрэлт тодорхой цаг хугацааг шаардах нь зүйн хэрэг юм даа. Удахгүй Сэлэнгийн хоршоолол бүхэнд тустай, олныг хамран цэцэглэнэ гэдэгт би итгэдэг.
                                        Бэлчээр газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтэн М.Өнөрмаа:
Газрын үнэ цэнийг тариаланчид, малчид л илүүтэй мэддэг
-Ингэт толгойн САА гэж их хөдөлмөрийн цуурай хадсан, ажлаараа улсдаа айргийн тавд давхиж алдраа өргөдөг хамт олон байсан даа. -Тийм ээ бидний аав ээж, ах дүүс, ахмад үеийнхний амжилт бүтээлийн түүх ямагт биднийг зоригжуулан дагуулж байдаг. Улс эх орон маань өөрчлөн байгуулалтын уур амьсгалтай золгосон хэдий ч, уул ус, тэнгэр хангай, тариан талбай, бэлчээр нутаг маань хэвээрээ л байна.

-Одоо хэдий хэмжээний га газарт тариалалт хийж байна? -Сэлэнгэ сум газар тариалангийн 15 мянган га эргэлтийн талбайтай, нөөцийн талбай 50 хувьтай л эргэлдэж байна. Манайх газар тариалан, мал аж ахуй хосолсон эдийн засагтай учир хүндрэл бага зэрэг гардаг. -Малчид тариаланчид газрын тал дээр яаж тохирдог вэ? -Малчин нь тариаланчдадаа хашаагаа барихад нь туслаад, хашаан дотор нь газраа үлдээх нэг арга байдаг л даа. Тэр хэсэг газрыг нь хагалахгүйгээр малд нь үлдээж болно. Иймэрхүү зохицож ажиллаж байгаа хүмүүс байгаа. Хэн хэндээ ашигтай л юм даа.


-Тариаланчид малчид хоорондоо тохиролцоод хэн хэнийхээ эрх ашигт нийцүүлэн ажиллаж болох уу? -Манайхан зарим нь хоорондоо тохиролцоно. Тариаланчид ургацын талбайд малаа оруулаагүй малчдыг урамшуулдаг юм билээ. Аливаа хүн урмаар тэтгэж бурмаар шагнах гэдэг сайхан үг байдаг даа.

Связанные новости