Ховд аймаг болон “Мо-Эн-Ко” ХХК хоорондын гэрээг 2021 онд шинэчилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-01-06 15:17:54

Ховд /МОНЦАМЭ/.“Хөшөөтийн гэрээний хариуцлагыг шинжлэх нь” сэдэвт нийтийн сонсголыг Ховд аймагт зохион байгууллаа.  

Ховд аймгийн Цэцэг сумын нутагт "Мо-Эн-Ко" ХХК-ийн Хөшөөтийн уурхай үйл ажиллагаа явуулж, тодорхой гэрээний дагуу хамтран ажиллаж ирсэн.

Тэгвэл Ховд аймаг болон “Мо-Эн-Ко” ХХК хоорондын 2017-2020 онд хамтран ажиллах гэрээний хэрэгжилтийг дүгнэж, 2021 онд гэрээг шинэчлэн байгуулахаар төлөвлөсөн байна. 

Үүнтэй холбогдуулан Ховд аймгийн ИТХ, Нээлттэй нийгэм форум, "Ховдын толь" ТББ хамтран “Хөшөөтийн гэрээний хариуцлагыг шинжлэх нь” сэдэвт нийтийн сонсголыг өнөөдөр цахим ба танхимийн хэлбэрээр зохион байгууллаа.

Энэхүү нийтийн сонсголын үйл ажиллагааг аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн удирдан явуулсан. Улмаар “Нийтийн сонсголын тухай хууль”-ийн дагуу үйл ажиллагааны дотоод журмыг танилцуулсан юм.

Энэ удаагийн үйл ажиллагаанд аймгийн ЗДТГ, Мэргэжлийн хяналт, Байгаль орчин аялал жуулчлалын газар, “Мо-Эн-Ко” ХХК, гэрээгээр нүүрс тээвэрлэгчдийн үйлдвэрчний эвлэлийн хороо зэрэг 40 орчим төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож, санал хэллээ.

Түүнчлэн нийтийн сонсголын үеэр Ховд аймаг, “Мо-Эн-Ко” ХХК хоорондын хамтран ажиллах өмнөх гэрээний тодорхой 22 заалтын хэрэгжилтийн байдлыг нягтлах, гэрээг шинэчлэхэд зайлшгүй анхаарах зүйлсийг судалж тогтоох зорилгоор “Ховдын толь” ТББ-аас хараат бусаар үнэлгээ, хяналт шинжилгээний ажил хийсэн гэж албаныхан танилцуулав.

Энэ үеэр гэрээний хэрэгжилт, үр дүнгийн ил тод байдлыг сайжруулж, “Ховд Хөшөөт хөгжил сан”-гаар дамжуулан нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хийж буй томоохон хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх замаар олон талт оролцоог бий болгох нь хамгийн чухал гэж мэргэжилтнүүд онцоллоо.

Мөн зарим оролцогчийн зүгээс шинэ гэрээнд зорилтот бүлгийн айл өрхийг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өрх толгойлсон ажилгүй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг сайжруулах чиглэлд тодорхой ажил өрнүүлэх, батлагдсан гэрээний дагуу ажил зохион байгуулахдаа мэргэжлийн болон иргэний нийгмийн байгууллагаар хяналт хийлгэх зэрэг нэлээд санал уламжилсан юм. 

Эдгээр саналыг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан “Ховд аймаг болон Мо-Эн-Ко ХХК хоорондын 2017-2020 онд хамтран ажиллах гэрээний хэрэгжилтийг дүгнэх, 2021-2024 онд хамтран ажиллах гэрээний төсөл боловсруулах ажлын баг”-ийнхан хуулийн хүрээнд нягталж, шинэ гэрээнд тусгах тухай талууд ярилцахаар болов. 

Тус ажлын баг 2021-2024 онд хамтран ажиллах гэрээний төслийг энэ оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн дотор боловсруулж, Ховд аймгийн Засаг даргын зөвлөлд танилцуулах аж. 

 

Связанные новости