Булган аймагт өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгалаа

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2021-01-06 19:03:47

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг даргын шийдвэрээр тус аймагт энэ оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал зарим үйлчилгээг хязгаарлалаа.

"Ковид-19" цар тахалтай тэмцэх, халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангиас бусад бүх төрлийн сургалтын байгууллага болон олон нийтийг хамарсан хурал, жагсаал, цуглаан, тэмцээн, уралдаан, аялал зугаалга, бүх төрлийн тоглоомын газар, шашин, урлаг соёл, үзвэрийн үйл ажиллагааг түр хориглолоо.

Архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчилгээ эрхлэх аж ахуй нэгж, бүх төрлийн нийтийн хоолны үйлдвэрлэл, үйлчилгээний газрын цагийн хязгаарыг 09:00-19:00 цагийн хооронд тогтоож мөрдүүлэхийн дээр зочид буудал, хүнсний болон бусад төрлийн худалдаа, үйлчилгээний төв, супермаркет, дэлгүүрийн үйл ажиллагааг хэвийн цагийн хуваариар үйлчлэхийг зөвшөөрсөн байна.

Мөн ерөнхий боловсролын сургууль болон мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийнхөөс бусад спорт заал, усан спорт, сургалтын төв, бялдаржуулах төв, чийрэгжүүлэлтийн танхимуудыг мэргэжлийн байгууллагаас тавих шаардлагуудыг бүрэн хангасан тохиолдолд 10.00-20.00 цагийн хооронд үйлчлэх боломжтой болжээ.

            Улаанбаатар хот болон өөр аймаг, орон нутгаас Булган аймагт нэвтрэх хүн, авто тээврийн хөдөлгөөнд хяналт тавьж, хяналтын цэг, пост ажиллуулах, аймаг, сум дотор зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлэх юм байна.

Связанные новости