Л.Намуунтуяа: “Хүмүүн бичиг” сонины гадаад үгийг уншуулж сорьдог

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2021-01-08 15:53:52

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт энэ оныг “Үндэсний өв-бичиг соёлыг түгээн дэлгэрүүлэх жил" болгон зарласантай холбогдуулан аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын монгол хэлний сургалт хариуцсан мэргэжилтэн Л.Намуунтуяагаас дараах тодруулгыг авлаа.


- Саяхан жилийн ажлын нээлт хийсэн. Ямар ажил зохион байгуулсан бэ?

- Аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газрын төрийн албан хаагчид болон агентлагийн дарга нарын дунд бичих, унших чадварын уралдаан зохион байгуулж, монгол бичгийн үүслийн талаар мэдээлэл өгсөн. Монгол хэл, уран зохиолын багш нар уран бичлэгийн үзүүлбэр хийж сонирхууллаа. Монгол бичиг, соёлыг түгээн дэлгэрүүлэх жилийн ажлыг зохион байгуулах санаачилга гаргаж, дэмжиж байгаа аймгийн удирдлагад талархаж байна. Иргэд болон төрийн албан хаагчдын үндэсний бичгээ сурахад дэвшил гарна. Булганыхны бичгийн нуруу тэгш, билгийн мэлмий тэнүүн байж, үндэсний бичгээ сурч, дэлхийн өвд бүртгэгдсэн бичиг соёлоороо гайхуулж, бусдыг уриалан манлайлна гэдэгт итгэлтэй байна.

- “Үндэсний бичиг соёлын өдөр”-ийг жил бүр зохион байгуулдаг. Булган аймагт энэ  уламжлал ямар байдаг вэ?

- Аймгийн хэмжээнд монгол хэл бичгийн 60 багш ажиллаж байна. Эдгээр багш нар монгол бичиг үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэн жил бүр “Үндэсний бичиг соёлын өдөр”-ийг угтаж төрийн албан хаагчдын дунд тодорхой арга хэмжээ зохион байгуулж байсан. 2010 оноос “Үндэсний бичиг бидний бахархал” тэмцээнийг зохион байгуулж эхэлсэн. Анх тэмцээн зохион байгуулж байхад монгол бичиг мэддэг хүн цөөхөн байсан. “Энэ үгүүдээс тэмцээний сорилд орно шүү уншаарай” гэж даалгавар өгдөг байлаа. Харин ойрын жилүүдэд МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг “Хүмүүн бичиг” сонины гадаад үгийн булангаас уншуулж байгаа. Анх минутад 30-40 үгээс арваад үгийг уншиж байсан бол одоо 130 хүртэл үг уншдаг болсон. Хэдийгээр ингэж монгол бичгийн мэдлэг дээшилж байгаа боловч аймгийн хэмжээнд түгэн дэлгэрч чадахгүй цөөхөн сумын хэмжээнд монгол бичгийн сургалт жигд явж байгаа гэж үзэж болно. Үндэсний бичиг соёлыг дэлгэрүүлэх жил болгон зарласнаар аймгийн хэмжээнд монгол бичиг сурах хөдөлгөөн өргөжиж байгаагаараа онцлог юм. Энэ жилийн аяны хүрээнд бүх төрийн байгууллагын дунд монгол бичгийн сурах аян өрнүүлэн тайлагнана.

Энэ жилийн ажлын нээлтийн үеэр аймгийн ЗДТГ-ын албан хаагчид, агентлагийн дарга нар, нийтдээ 60 гаруй хүн монгол бичгээ сурахаар хичээлийн хуваарь, цагаа тохироод байна. Аймгийн хэлний бодлогын зөвлөл монгол бичгийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө гаргаад байна.

Связанные новости