Франц болон Германд олон хүн үерт урсчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНПАРИС. /АР/. Франц болон Германд ширүүн бороо үргэлжлэн орж байгаагийн улмаас үер усны аюул нүүрлээд байна. Үерийн улмаас тус хоёр улсад 14 хүн амиа алджээ.
Германы өмнө зүгийн нутаг болон Францын төвийн бүс нутагт өнгөрсөн сарын сүүлчээс ширүүн бороо орж эхэлсэн юм.
Германы Бавар муж болон бусад мужид өчигдрийг хүртэлх долоо хоногийн хугацаанд 11 хүн үерт урссан байна.
Мөн Францын Парис хотоос холгүй орших газарт гурван хүн үерт урсан амиа алдсан нь тогтоогджээ.
Францын байшин барилгууд усанд автаж, цахилгааны утас тасарчээ. Тус улсын хэмжээнд 20 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.
Парис хотын Сена мөрөн эргээсээ хальжээ. Тус мөрний түвшин 6.07 метр хүрчээ. Тус мөрний ус сүүлийн 30 жилд байгаагүй дээд түвшинд хүрсэн нь энэ юм.
Үерийн улмаас дэлхийн хамгийн их хөл хөдөлгөөнтэй музейнуудын нэг болох Луврын музейг баасан гарагт хаасан байна. Тус музейг ирэх долоо хоногийн мягмар гараг хүртэл нээхгүй аж. Орсе музейг мөн хэсэг хугацаагаар хаажээ.
Г.Доржханд