Дулааны станцад хугацаат албан даалгавар хүргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-01-13 14:51:41

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Мухамед Өлгий сумын зарим айл өрх, албан байгууллагуудыг дулаанаар хангадаг "Эряимбаян-Өлгий" компанид энэ сарын 12-ны өдөр хугацаат албан даалгавар хүргүүллээ.

Халаалтын доголдолтой холбоотой ард иргэдээс ирсэн гомдлын мөрөөр тус газрын улсын байцаагч дулааны станцад хийсэн шалгалт хийсэн бөгөөд шалгалтын дүнг үндэслэн дээрх албан даалгаврыг хүргүүлсэн байна. Үүнд:

- Өлгий сумын дулааны эрчим хүч хэрэглэгчдийн нийт ачаалал 30 Гкал/цаг орчим, харин дулааны эх үүсвэр буюу зуухны одоо ажиллаж буй хүчин чадал 20 Гкал/цаг орчим байх тул дөрөвдүгээр зуухны засвар, шинэчлэлтийн ажлыг энэ сарын 15-ны өдрийг хүртэл шуурхай дуусгаж, дутуу байгаа дулаан үйлдвэрлэлээ нөхөх;

- Зуухны гэмтэл, доголдол үе үе гарч, дулааны шугамын нэвтрүүлэх чадвар багассантай холбоотой хэрэглэгчид очих дулааны хангамж батлагдсан горимд хүрэхгүй байгаа тул гадна агаарын хэмтэй уялдуулан 95/70 хэмийн батлагдсан горимын дагуу тогтмол барих;

- «Дулаан дамжуулах төв-2»-оос «Дулаан дамжуулах төв-4» хүртэлх шугамын нэвтрүүлэх чадвар багасаж, өгөх, буцах шугамын даралтын зөрүү бага байх тул 2021 оны засвар шинэчлэлтийн ажлын төлөвлөгөөнд тусгаж өргөтгөх;

- Тодорхой шалтгаанаар дулааны эх үүсвэр, шугам сүлжээнд доголдол, засвар үйлчилгээ гарсны улмаас батлагдсан горим алдаж дутуу нийлүүлсэн, гэрээнд заасан тоо хэмжээ, чанарын үзүүлэлт бүхий эрчим хүчээр хангаагүй бол Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу эрчим хүчний төлбөрийг хангагч, хэрэглэгчийн актаар баталгаажуулан хэрэглэгчийн төлөх төлбөр тооцооноос хасаж өгөх;

- Албан даалгаврын мөрөөр хийсэн ажлын тайлан, биелэлтийг ирэх сарын 1-ний дотор аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлэхийг даалгажээ.   

Связанные новости