“100 жил-бидний амжилт” аяны нээлт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-01-14 12:28:29
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Цагдаагийн газраас “100 жил-бидний амжилт” аяны нээлтээ хийж, аяны хугацаанд зохион байгуулах үйл ажиллагаагаа танилцууллаа.

Энэ жил Цагдаагийн байгууллага байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байгаа ба тус аймгийн Цагдаагийн газраас энэхүү аяныг “Шинэ санаа-Чин сэтгэл” уриан дор зургаан сарын хугацаанд зохион байгуулах ажээ.

Аяны зургаан сарын хугацаанд Цагдаагийн газрын тасгууд тус бүртээ нэг сарыг хариуцан тасгуудын дунд болон иргэд, олон нийт рүү чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулах ба энэ сард Захиргааны удирдлагын тасаг хариуцан “Нэг зорилго-нэг сэтгэл” зорилт дэвшүүлэн аяныг хэрэгжүүлэхээр болжээ. Тиймээс нээлтийн үеэр тус тасагт “Аяны шилжин явах” тугийг гардуулан өгсөн байна.

Нэгдүгээр сард ямар ажил зохион байгуулах талаар Захиргааны удирдлагын тасгийн дарга, дэд хурандаа Л.Баярсайханаас тодруулахад “Энэ сард тохиодог Шинэ Үндсэн хуулийн өдрөөр аяны нээлтээ зохион байгуулж, энэ сарын сүүлийн өдөр болдог Иргэний нийгмийн өдрөөр Төв халхын дуулалт жүжгийн театр болон ТББ-уудтай хамтран иргэд, олон нийтэд хууль эрх зүйн мэдлэг олгох цахим хичээл, жүжигчилсэн тоглолт толилуулахаар төлөвлөж байна. Хорио, цээрийн дэглэмд байгаа тул цахимаар үйл ажиллагаагаа зохион байгуулна” гэлээ. 

Связанные новости