"Цоглог" агуулах худалдааны төвд ухаалаг ариутгалын хаалга суурилуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-01-14 15:33:52
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд үйл ажиллагаа явуулдаг "Цоглог" агуулах худалдааны төвд ухаалаг ариутгалын хаалга суурилуулжээ.
"Ковид-19" халдварын эрсдэл өндөртэй энэ цаг үед "Ариун туулай" ХХК-ийн хамт олон агуулах худалдааны байрандаа ухаалаг ариутгалын хаалга суурилуулан иргэддээ үйлчилж эхэлсэн нь аймагтаа анхдагч болж байна. Тус худалдааны төвөөр үйлчлүүлж буй иргэд ариутгалын хаалгаар нэвтэрснээр эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэм сахиж, халдвар тархах эрсдэлээс хамгаалах юм. Үйлчлүүлэгчдэд ээлтэй технологийг аймагтаа анхлан нэвтрүүлсэн тус хамт олонд аймгийн Онцгой комиссоос талархал илэрхийллээ.
"Ариун туулай" ХХК-ийн захирал Ц.Батжаргал "Манайх ариутгалын хаалгыг 9.9 сая төгрөгөөр худалдаж авсан. "Цоглог" агуулах худалдааны төвд ажиллаж байгаа ажилчдаа хоёр цаг тутамд ариутгаж байгаа" гэлээ. Энэхүү хаалга нь нэг хүнийг ариутгахад 4 сэкунд зарцуулна, өдөрт хоёр мянга хүртэлх хүнийг ариутгах хүчин чадалтай аж. Мөн нүүр таних болон дэлгэц бүхий системтэй, амны хаалт зүүгээгүй хүнийг мэдэрч дохио өгнө, биеийн дулаан хэмжигчтэй, халуунтай хүнийг мэдэх мэдрэгчтэй юм.
Связанные новости