Цэнхэрмандал суманд энэ онд 200 суудалтай Соёлын төв барина

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2021-01-14 16:08:21

Хэнтий /МОНЦАМЭ/ Цэнхэрмандал сумын орлого 2020 онд 95 сая төгрөгөөр давж биелсэн бөгөөд түүнээсээ хэсгийн төлөөлөгчдөө автомашин, экологийн цагдаад байшин барих материалын зардлыг шийдвэрлэж өгчээ.

 

2020 оны жилийн эцсийн дүнгээр тус сум улсын төсвийн орлогыг 162 хувиар, аймгийн төсвийн орлогыг 101 хувиар, орон нутгийн төсвийн орлогыг 203 хувиар давуулан биелүүлжээ. 2020 оны давсан орлогоос мөн ахмадын санг гурван байгууллагад үүсгэн байгуулж, 3,2 сая төгрөгөөр, эрсдэлийн санг 9,1 сая төгрөгөөр батлан ИТХ, ЗДТГ зардлыг 94,0 сая төгрөгөөр нэмэгдүүлж батлуулсан байна.

 

Цэнхэрмандал сум нь Засаг захиргааны дөрвөн баг, 823 өрх 2147 хүн амтай, жилийн эцсийн мал тооллогын дүнгээр малчин болон мал бүхий 556 өрхийн 243595 мал тоолуулсан байна.

Өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдлыг хангах тухай аймгийн Засаг даргын албан даалгаврын дагуу сумын хэмжээнд малчид 2021 тн байгалийн хадлан, 72,7 тн таримал тэжээл хураан авч, 28,7 тн дарш, 71 тн үйлдвэрийн тэжээл бэлтгэж, 465,6 тн хужир шүү татан авчээ.

 

Сумын төсөвт байгууллагууд өвөлжилтийн бэлтгэлийг хангаснаас гадна, эмзэг бүлгийн 12 өрхөд 24 м3 түлээ үнэгүй олгож, 30 өрхөд 22 тн нүүрсийг хөнгөлөлттэй үнээр олгожээ. Энэ өвөл сумын хэмжээнд нийт нутаг дэвсгэр цасан бүрхүүлтэй, цасны зузаан дунджаар 9 см, Нугаар, Хужхан, Согоот багийн баруун хэсэгт өвөлжилт хүндэрч сум баг дотроо отор нүүдэл хийж эхэлснийг сумын Засаг дарга С.Золжаргал мэдээлэв.

 

Өнгөрсөн онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Цэнхэрийн голын хуучин даланг ашиглан хөв байгуулах, Сумын төвийн үерийн хамгаалалтын байгууламж барих, Согоот багийн төвд спорт заал барих ажлыг тус тус гүйцэтгэж ашиглалтад оруулсан бол аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар /ОНХС/ уурхайн байрны худагт ухаалаг төхөөрөмж суурилуулах, хуучин сургуулиа засварлаж, ахуйн үйлчилгээний төв байгуулан, фитнес тоног төхөөрөмж худалдан авчээ. Харин орон нутагт хуваарилсан ОНХС-аар сургуулийн спорт заалны дулаалга, биеийн тамирын талбайг тохижуулах, бохир соруулах автомашин худалдан авсан бол “Зах зээлийн бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн хөрөнгө оруулалтаар Нугаар, Согоот багт бэлчээр усжуулах гүн өрмийн худаг, Согоот багт мал угаалгын ванн, өвс тэжээлийн агуулах барих зэрэг төлөвлөгөөт ажлуудыг цаг хугацаандаа амжилттай хийж хүлээн авсан байна. Энэ онд 200 суудалтай Соёлын төв Цэнхэрмандал суманд барих аж.

Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат ажлаа төлөвлөсөн ёсоор хийж гүйцэтгэж байгаа Цэнхэрмандал сумын Засаг дарга, төрийн албан хаагчдыг сайшааж, цаашид төсвийн орлого нэмэгдүүлэх, ирэх жилүүдийн төсвийн хөрөнгө оруулалтын зураг төсвийг цаг хугацаанд нь гүйцэтгэх, уул уурхайгаас орлого төвлөрүүлэх, худалдаа эрхлэгчид, үйлчилгээний газруудаа дэмжин аймагтайгаа нэгдсэн бодлоготойгоор хамтран ажиллахыг хүсэж, төсөвт байгууллагын удирдлагууд багийн Засаг дарга нараас гаргасан санал хүсэлт, санаачилгыг хүлээн авлаа.

Уулзалтын дараа аймгийн Засаг дарга сумын Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцаж шаардлагатай байгаа Биохимийн шинжилгээний аппарат, шээсний шинжилгээний аппарат шийдвэрлэж өгөхөө илэрхийллээ. Цэнхэрмандал сумын ЭМТ 1931 онд байгуулагдсан, одоогоор 20 орон тоотойгоор ажиллаж байна.

 

Хөл хорио тогтоосон үед тус сумын хэмжээнд 39 ор бүхий таван тусгаарлах байр бэлтгэж, бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд нийслэл Улаанбаатар хот болон бусад аймгаас Цэнхэрмандал суманд 175 хүн ирснийг гэрийн ажиглалтад тусгаарлажээ.

 

Связанные новости