Монгол Улс Ази, Номхон Далайн худалдааны хэлэлцээрт нэгдэж, 7 дахь албан ёсны гишүүн болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-01-18 18:39:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс Ази, Номхон Далайн Худалдааны хэлэлцээр (АРТА)-т нэгдэж, уг хэлэлцээрийн 7 дахь албан ёсны гишүүн улс боллоо. 

Монгол Улс дээрх хэлэлцээрт нэгдсэнээр манай улсын дотоодын ААН-үүд 2.9 тэрбум гаруй хэрэглэгчтэй, эдийн засгийн хурдацтай өсөлттэй Ази, Номхон Далайн Худалдааны хэлэлцээрийн 6 гишүүн улс руу нийт 10.667 нэр төрлийн бараанд 5-100 хувийн татварын хөнгөлөлт эдлэх боломж нээгдэж байна. 


Хэлэлцээрийн хүрээнд, Монгол Улсаас БНХАУ руу эскпорт хийх хамгийн эхний буюу 01 дугаартай Ази, Номхон Далайн Худалдааны хэлэлцээрийн гарал үүслийн гэрчилгээг үндэсний “Сүмбэр коммодит” ХХК-ийн рапсанд олголоо. Ингэснээр БТКУС-ийн 120051090 кодтой рапс хэлэлцээр хэрэгжихээс өмнө 6 хувийн гаалийн татвартай гарч байсан бол хэлэлцээр хэрэгжсний дараа 100 хувийн гаалийн тарифын хөнгөлөлтийг эдлэх боломжтой болж байна.


Монгол Улс Ази, Номхон Далайн Худалдааны хэлэлцээр (АНДХХ)-ийн 7 дахь албан ёсны гишүүн улс болж, 2021 оны эхний өдрөөс энэ хэлэлцээр хэрэгжиж эхлээд байна. Анх Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжиж буй орнууд болох Энэтхэг, Өмнөд Солонгос, Шри Ланка, Лаос, Бангладеш өөр хоорондоо худалдааны хөнгөлөлт үзүүлэх зорилгоор энэхүү хэлэлцээрийг байгуулсан бол  БНХАУ 2001 онд тус хэлэлцээрт нэгдэн орсон юм. 

Хэлэлцээрт багтсан бараа бүтээгдэхүүний хөнгөлөлтийг зөвхөн эдгээр орны гарал үүслийн гэрчилгээний үндсэн дээр эдлэх боломж олгодог нь энэхүү хэлэлцээрийн онцлог юм. 

Монгол Улс уг хэлэлцээрт нэгдсэнээр үндэсний аж ахуйн нэгжүүд дэлхийн болон бүс нутгийн нийлүүлэлтийн сүлжээнд холбогдож, хөрөнгө оруулалт татахад илүү таатай нөхцөл бүрдэнэ гэсэн өндөр хүлээлттэй байна. Тухайлбал, БНХАУ, БНЭУ гэсэн хоёр том зах зээлд нийт 5000 гаруй нэр төлийн бүтээгдэхүүнийг 10-100 хүртэл хувийн татварын хөнгөлөлттэй нийлүүлэх боломж нээгдэж байгаа юм. Хэлэлцээрийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд орж танилцана уу. 



Связанные новости