Хоёр орон сууцанд агааржуулах хоолойгоор халдвар дамжсан байж болзошгүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-01-22 12:18:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Орон сууцны хороололд “COVID-19” халдвар тархсан байдлыг судалж буй тандалт судалгааны эхний үр дүнг НЭМҮТ-өөс танилцууллаа.

 

Тухайлбал, БГД-ийн 6 дугаар хороонд 5 өрхийн 5  тохиолдол 2021 оны нэгдүгээр сарын  7-нд батлагдсан. Үүнд байршлын хамаарал ажиглагдаагүй байна.

 

Мөн БГД-ийн 4 дүгээр хороонд 3 өрхийн  7 тохиолдол 2021 оны 1 дүгээр сарын 12-нд батлагдсан. Энэ тохиолдол мөн  агаар сэлгэлт, агааржуулах хоолойтой холбоотой ямар нэгэн хамаарал ажиглагдаагүй байна.

 

Харин БГД-ийн 6 дугаар хороонд 4 өрхийн 8 тохиолдол 2021 оны нэгдүгээр сарын 9-нд илэрсэн. Үүнд эхний байдлаар, агааржуулагчийн хоолойноос болсон гэх магадлал өндөртэй байна.  5 дугаар орцны 2-5 давхрын айлууд өвчилсөн. Өвчлөл бүртгэгдсэн айлууд нэг орцны, харалдаа дээд, доод давхрын айлууд бөгөөд агааржуулагчийн нэг сувагтай байна. Айлуудын хоолны болон тамхины үнэр ариун цэврийн өрөө, гал тогоонд үнэртдэг байсан, 1 ба 6 дугаар давхрын айлуудад өвчлөл бүртгэгдээгүй. Агааржуулалтын суваг ердийн сараалжтай, гэрэлтэй холбосон сэнс, хааж нээх хавхлага байхгүй гэж тус байрны оршин суугчид хэлжээ. Иймээс агаар сэлгэлтийн системээр дамжсан байж болзошгүй гэсэн эхний таамаглалыг гаргажээ.

 

Түүнчлэн БГД-ийн 12 дугаар хорооны 19 дүгээр байрны цахилгаан шат нь 2020 ны есдүгээр сараас хойш ажиллаагүй. 1992 онд баригдсан 9 давхар барилгын оршин суугчид давхар алгасаж халдвар авчээ. Энэ нь ямар нэг зүй тогтол байгааг харуулж байна. Тиймээс үргэлжлүүлэн судалж байгаа аж.

 

Урьдчилсан дүгнэлтээр, 1990-ээд оны сүүлээс орон сууцны барилгын ердийн агаар сэлгэлтийн системийн төлөвлөлтөд айлуудын агаар сорох хоолойг нэг сувагт давхар алгасан холбох системийг хэрэглэж эхэлсэн байна. Нэг сувагт давхар алгасан холбосон төлөвлөлттэй үед угсралтын буруу технологиос нэг сувагт холбогдож буй айлуудын хооронд бохир агаар дамжиж болзошгүй байдаг байна.

 

Харин дэлхийд агааржуулалтын хоолойгоор дамжсан гэх бүрэн нотолгоо байхгүй байна. Олон хүн бөөгнөрсөн газарт батлагдсан тохиолдлыг судлахад агаарын урсгалын чиглэл даган хүмүүс халдвар авсан байгааг тогтоосон байна. Тухайлбал, БНХАУ-ын нэгэн ресторанд нэг халдвартай хүн орж ирэхэд агаарын урсгалыг даган суусан есөн хүн халдварласан тохиолдол гарчээ.

 

Дотроо агаар сэлгэлттэй өрөөнд хурал зохион байгуулахад халдвар тархсан тохиолдол бүртгэгдсэн тул байгалийн агааржуулалт нэн чухал байгааг тогтоожээ.

 

Дэлхий нийтэд агааржуулалтыг сайжруулах, байнга өрөө тасалгаагаа агааржуулах, нэг өрөөнд байж болох хүний тоог багасгах, хувийн хамгаалах хэрэгслээ сайн сахихыг зөвлөж байгаа юм.

 

Связанные новости