Механик агааржуулагчийг хэрэглэхгүй байхыг зөвлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
sodonizm@gmail.com
2021-01-22 13:04:26

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Коронавируст цар тахлаас сэргийлэхийн тулд амны хаалтыг зөв зүүх, тогтмол солих, хүн хоорондын зай барих зэрэг дэглэмийг хэрэгжүүлж хэвшээд байгаа. Үүнтэй адил өрөө тасалгаагаа байнга агааржуулж байх нь нэн чухал аж.


Цонхоо боломжтой хугацаагаар нээж аль болох ойрхон давтамжтайгаар агаар сэлгэх нь коронавирусээр халдварлах эрсдэлийг 70-80 хувь бууруулдаг болохыг ЭМЯ-ны  өнөөдрийн 11.00 цагийн хэвлэлийн хурлын үеэр  мэдээллээ.  


НЭМҮТ-ийн ОЭМА-ны дарга Д.Сувд агаар сэлгэх арга замын талаар тайлбар, зөвлөмж хэлэхдээ, “Аливаа худалдааны байгууллагад коронавируст халдвартай үйлчлүүлэгч орж ирсэн тохиолдолд кассчин руу шууд хүчтэй үлээх эрсдэлтэй. Иймээс байгууллагуудад механик агааржуулалтыг боломжтой бол хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Учир нь энэ нь агаарыг сэлгэхгүй, зөвхөн хөдөлгөөнд л оруулдаг.


Мөн бид агаар сэлгэх хоолойг зөв ажиллаж байгаа эсэхийг шалгах шаардлагатай. Үүнийг мэдэх хялбар арга бол, арц эсхүл хүж уугиулаад,  угаалгын өрөө, гал тогооны өрөөндөө ороод утааг нь агааржуулагч хоолой татаж авч байгаа эсэхийг шалгаж болно.  Хэрвээ татахгүй байвал  СӨХ-дөө хандаж агаар шүүгчээ янзлуулах шаардлагатай.


Түүнчлэн гэрт тань агаар цэвэршүүлэгч төхөөрөмж байгаа бол аль болох өөрийнх нь ажиллагааны хэвийн горимоор ажиллуулаарай. Фильтрийг нь ойр ойрхон давтамжтайгаар солих хэрэггүй. Яагаад гэвэл, фильтэрт коронавирус тогтсон байхыг үгүйсгэхгүй.  Хэрвээ агаар шүүгч худалдан авахаар төлөвлөж байгаа бол “HEPA” буюу олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн агаар шүүгчийг сонгох хэрэгтэй” гэлээ.


Связанные новости