Д.Наранзул: Олон хүнийг хамарсан жагсаал коронавируст халдвар тархах эрсдэлийг нэмсэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunbold@montsame.gov.mn
2021-01-24 11:15:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод энэ сарын 20-нд олон хүнийг хамарсан жагсаал цуглаан болсон нь коронавируст халдвар тархах эрсдэлийг улам бүр нэмснийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Наранзул ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит мэдээллийн үеэр онцлов.


Тэрбээр, “Сүүлийн 30 гаруй хоногт 21 аймагт коронавируст халдвар гараагүй. Бүрэн хяналтад орсон. Өнөөдрийн байдлаар, хамгийн идэвхтэй байгаа голомт бол Улаанбаатар хот. Сүүлийн өдрүүдэд хөл хорионы дэглэм сулруулсантай холбогдуулан хүн амын шилжилт хөдөлгөөн ихэссэн. Мөн олон хүнийг хамарсан жагсаал цуглаан боллоо. Түүнчлэн бүх төрлийн барааны дэлгүүр, үсчин ажиллаж эхэлсэн нь халдвар тархах эрсдэлийг нэмж байна. Тиймээс иргэд хэд хэдэн зүйлд анхаарах шаардлагатай. Ялангуяа 1.5 метрээс дотогш зайд 15 минутаас удаан байх нь халдвар авах эрсдэлийг нэмдэг. Тиймээс үсчин, гоо сайхны газруудаар иргэд цаг авч үйлчлүүлэх, халдвар хамгааллын дэглэмээ баримтлах хэрэгтэй. Монгол Улсад хүйтэн сэрүүний улирал удаан үргэлжилдэг бөгөөд энэ үеэр томуугийн дэгдэлттэй хамт коронавирус тархах эрсдэлтэй байгаа. Хэдийгээр барааны дэлгүүр, захууд нээгдэж байгаа ч цахим худалдаагаа өргөжүүлэх, хүн амын бөөгнөрөл үүсгэхгүй байхыг зөвлөж байна” хэмээв.

Связанные новости