Ховд аймаг руу зорчихоор 750 орчим иргэн хүсэлт гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-01-25 14:23:40

Ховд /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод байгаа иргэдийг нэгдсэн зохион байгуулалтаар татан авч эхэллээ. Одоогийн байдлаар Улаанбаатар хотоос Ховд аймаг руу ирэх хүсэлт гаргасан 750 орчим иргэн байна.

Үүнээс эхний ээлжинд Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн шинжилгээний цэгт короновирусний халдвараас урьдчилан сэргийлэх PCR шинжилгээ өгсөн 320 иргэний хариу сөрөг буюу халдваргүй гарсан. Иймээс тэдгээр иргэнийг хот хоорондын нийтийн тээврийн найман автобусаар татан авах ажиллагаа өнөөдөр эхэлсэн байна. Харин маргааш хоёр автобусаар 80 орчим иргэнийг татан авахаар төлөвлөжээ.

Эдгээр иргэнийг орон нутаг руу тээвэрлэхдээ халдвар хамгааллын дэглэм баримтална. Улаанбаатар хотоос ирж буй иргэд Дарви сумын хяналтын цэг дээр шинжилгээ өгч нэвтрэх юм. Тус ажлыг зохион байгуулах мэргэжлийн ажлын баг, бүрэлдэхүүнийг өнөөдөр Онцгой комиссын хурлаар томиллоо.

Иргэд хот хоорондын нийтийн тээврийн хэрэгсэлд суухдаа коронавирусний халдвараас урьдчилан сэргийлж, мэргэжлийн байгууллагаас гаргасан зөвлөмжийг чанд баримтлах, хувийн зохион байгуулалттай байхыг Ховд аймгийн Онцгой комиссын дэргэдэх Шуурхай штабаас анхаарууллаа. Мөн зарим шаардлагатай мэдээллийг 77437743, 70433801, 98060501 утсаар лавлах боломжтой юм.

Улаанбаатар хотоос Ховд аймагт ирсэн иргэд гэрийн ажиглалтад байх хугацаанд гэр бүлийн зарим гишүүн цахимаар ажил, үүргээ гүйцэтгэх боломж бүрдүүлэх аж. 

Шинэ төрлийн коронавирусний халдварын тохиолдол Монгол Улсад бүртгэгдсэнээс хойш Улаанбаатар хотод байсан Ховд аймгийн 4000 гаруй иргэнийг орон нутагт татан авах ажлыг зохих журмын дагуу зохион байгуулжээ.


Связанные новости