ХОВД: Гар бөмбөгийн тэмцээнд 800 орчим тамирчин оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-08-22 18:55:30

Жаргалант, 2025 оны наймдугаар сарын 22 /МОНЦАМЭ/.  Ахмадын улсын аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээн энэ сарын 20-24-нд Ховд аймгийн Булган суманд болж байна. Тэмцээнд 65 багийн 800 орчим тамирчин оролцож байгаагаас 400 гаруй нь спортын дэд мастер, спортын мастер цолтон юм. Мөн олон улсын хэмжээний мастер 50 гаруй, гавьяат тамирчин 10 гаруй бий.

Тэмцээний эмэгтэй багийнхан 35-42 нас, 43-50 нас, 51-ээс дээш насны ангиллаар өрсөлдөж, шилдгүүдээ тодруулна. Харин эрэгтэй багийнхан 40-47 нас, 48-54 нас, 55-аас дээш насны ангилалд шилдгүүдээ тодруулах юм. 

Уг тэмцээний зохион байгуулагчаар Монголын волейболын холбоо, ахмадын зөвлөл, Ховд аймгийн Булган сумын ИТХ, ЗДТГ, Улаанбаатар хот дахь “Минжит булган” нутгийн зөвлөл, “Торгон нутаг” клуб хамтран ажиллаж байна.

Энэ удаагийн тэмцээнийг олон улсын хэмжээний мастер Лхамжавын Баатархүрээгийн нэрэмжит болгосон ба орон нутагт гар бөмбөгийн спортыг хөгжүүлэх, залуу үеийнхэнд сурталчлах, тамирчид харилцан туршлага солилцох боломж бүрдүүлснээрээ онцлогтой.   

Связанные новости