Орон нутгийн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн ашиг хоёр дахин нэмэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Орон нутгийн төсвийн орлого 2020 оны урьдчилсан гүйцэтгэлээр 3,2 их наяд, зарлага ба эргэж төлөх цэвэр зээл 3,2 их наяд төгрөг болж, орон нутгийн тэнцвэржүүлсэн тэнцэл 40,5 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа.
Орон нутгийн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн ашиг өмнөх оныхоос 20,7 (2.0 дахин) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
Орон нутгийн төсвийн орлого 3,2 их наяд төгрөг болж, өмнөх
оныхоос 267,2 (9.1 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд татварын орлого 61,8
(4.8 хувь) тэрбум төгрөгөөр багассан ч татварын бус орлого 329
(19.8 хувь ) тэрбум төгрөгөөр
нэмэгдсэн нь нөлөөллөө.
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2020 оны эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 10,4 их наяд төгрөг, үүнээс нийт тэнцвэржүүлсэн орлого, тусламж нь 9,4 их наяд төгрөг байв. Тэнцвэржүүлсэн орлого, тусламж нь нийт орлогын 90,6 хувийг эзэлжээ.
Нийт зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ 14,0 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 4,5 их наяд төгрөгийн алдагдалтай гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн
хэмжээ 2020 оны 12 дугаар сард 1,2 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 476,5 (68.6 хувь) тэрбум, нийт зарлага, эргэж төлөх
цэвэр зээлийн хэмжээ 2.0 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 852,4 (74.3 хувь) тэрбум, улсын нэгдсэн төсвийн
тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал 828.0 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 375,9 (83.2 хувь) тэрбум төгрөгөөр ихсэв.
Түүнчлэн, Нийгмийн даатгалын сангийн орлого 2020 онд урьдчилсан гүйцэтгэлээр 1,9 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 582,4 (23.4 хувь) тэрбум төгрөгөөр багасаж, нийт зарлага 2.4 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 387,1 (18.8 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.