“Бүтээмж-чанарыг сайжруулах жил”-ийн бүтээлч даалгавар гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-02-03 17:00:28

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ “Бүтээмж-чанарыг сайжруулах жил”-ийн ажлын хүрээнд байгууллага, агентлагийн дарга нарт “Бүтээлч даалгавар” гардууллаа.

Төрийн байгууллагаас иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, хөдөлмөрийн бүтээмжийн талаарх олон нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх, төрийн байгууллагын ажиллагсдын бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор энэ оныг “Бүтээмж-чанарыг сайжруулах жил” болгоод байгаа юм. Бүтээлч даалгаварт байгууллагын ажлын байрны шинжилгээ хийх, бүтээмж хариуцсан ажилтныг томилон сургалтад хамруулж, мэргэшүүлэх, “Ногоон ажлын байр” хөдөлгөөнийг өрнүүлэн, ажлын байрны эрүүл, аюулгүй байх орчин нөхцөлийг стандартад нийцүүлэн бүрдүүлэх, ажиллагсдын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил судалгааг хийж, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоонд бүрэн хамруулах, ISО стандарт хэрэгжүүлсэн туршлага судалж суралцах зэрэг үүргийг тусгажээ. Мөн энэ бүтээлч даалгаварт ажилтан албан хаагчид ажлын байрны дасгал хөдөлгөөнийг тогтмол хийж хэвших, харилцааны соёл, хувцаслалтан тавих шаардлага стандартыг мөрдөж ажиллахыг даалгажээ.

“Бүтээлч даалгавар”-ыг энэ оны байгууллагын болон ажилтнуудын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусган, хэрэгжилтийг тооцох бөгөөд улирал бүр тайлан мэдээ авч дүгнэж байхаар болсон байна.

Связанные новости