Гуравдугаар сард коронавируст халдвар нэмэгдэх эрсдэлтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunbold@montsame.gov.mn
2021-02-05 11:32:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад ирэх сард коронавируст халдвар нэмэгдэх магадлалтай хэмээн олон нийтийн сүлжээгээр тарж буй мэдээлэлд ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл тайлбар өглөө.


Коронавируст халдварын тархвар зүйн муруй зэрэг судалгааны хэд хэдэн аргачлалаар тодорхойлоход, цаашдаа өвчлөл нэмэгдэх магадлал нэн өндөр байгаа дүн гарсныг тэрбээр ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр тодотгосон юм. Тодруулбал, сүүлийн өдрүүдэд коронавирусээр халдварласан хүмүүсийн ойрын болон дам хавьтал, тусгаарлалтад орж байгаа иргэдийн тоо нэмэгдэж байна. Мөн математик загварчлал буюу УОК болон ЭМЯ-ны эрдэмтэн судлаачдын дүгнэлтээр дээрх хэтийн төлөв гарсан байна. Иймд урдчилан сэргийлэх, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө боловсруулж байгаа аж.


Тэрбээр, “Бид халдвар эсэргүүцэх ажил, тэнд ажиллах эмч, эмнэлгийн ажилтнуудаа бэлтгэж, судалгаа гарган өдөр бүр тооцоолол хийж байна. Монгол Улсад эмнэлгийн байгууллагын 57 мянга гаруй ажилтан байгаа. Нарийн мэргэжлийн тархвар судлаач 120 гаруй байгаа. Эрчимт эмчилгээний 100 гаруй, халдвартын 70-80 нарийн мэргэжлийн эмч нар ажиллаж байна. 31 мянган хүн өвдөхөд ажиллах хүч бий. Цаашид байдал хүндэрвэл өндөр насны тэтгэвэрт байгаа эмч нар, өөр газар ажиллаж байгаа эмч нарыг дайчлан ажиллуулах төлөвлөгөө, судалгаатай байгаа” хэмээв.

Связанные новости