Мега төсөл боловсруулах олон улсын туршлагаас судалж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-06-09 14:44:59

Мега төслийг шилтэй зүйрлэдэг учир амархан хагарах эрсдэлтэй. Ийм төсөлд ганц компани бус төр, хувийн хэвшлийнхэн, эрдэмтэд гээд маш олон талын оролцоотой хэрэгждэгээрээ онцлогтой.

Монголын барилгын инженерүүдийн холбооноос Премиум Палас зочид буудлын хурлын танхимд “Инженерийн МЕГА төслийн хэрэгжүүилт: Олон улсын туршлага” семинарыг Монголын Барилгын инженерүүдийн холбооноос зохион байгуулж байна.

“Шангри Ла Улаанбаатар зочид буудал” төслийн ахлах менежер Хершиан Тан ярихдаа, “Монгол Улсад мега төслүүд хэрэгжиж байна. Мега төсөл бол улс орны хөгжлийг түргэтгэх гол хөшүүрэг. Дотоодын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах олон улсын, өндөр зэрэглэлийн сүлжээ “Шангри-Ла Улаанбаатар зочид буудал” нь Монголын зочид буудлын салбар дахь хамгийн том  мега төсөл юм. Бид барилгын ажлыг гүйцэтгэхдээ "Facade" угсралтад зориулж "Double Monrail crane"-ийг ашигласан нь Монголдоо анхдагч болсон. Мега төслийг явуулах гол хүчин зүйл нь хоорондын уялдаа холбоо. Маш олон компаниуд хамтардаг учраас харилцаандаа анхаарах ёстой. Ямар нэгэн бэрхшээл гарлаа гэхэд нэг нь нөгөөгөө нөхөх замаар ажиллахаас эхлэн уялдаа холбоо чухал” гэв.

Харин Монголын Барилгын инженерүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Гүнболд, “Мега төсөл төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагуудын нэгдлээс бүтдэг төдийгүй төсөл эхлэхээс өмнө бүх төлөвлөлтийг хийдгээрээ онцлогтой.Төлөвлөлтийн дагуу ажил өрнөдөг учраас үүнээс хазайх ямар ч боломжгүй. Монгол инженерүүдийн мэдлэг чадвар дэлхийн жишгээс хоцроод байх зүйлгүй. Мега төслийг хэрэгжүүлэхэд олон улсын туршлага чухал. Монгол Улсад маш олон хэмжээний үйлдвэр, инженерингийн ажлууд хүлээгдэж байна. Төслийн санаачилгаас авахуулан төлөвлөлт боловсруулах, хөрөнгө оруулалтыг татах явцад юу анхаарах вэ гэдэгт хариулт авахаар олон улсын хурлыг зохион байгуулж байна” хэмээн онцолсон юм.

Монголын Барилгын инженерүүдийн холбооноос 2020 он хүртэл  Монгол компаниудыг  туслан гүйцэтгэгчээс ерөнхий гүйцэтгэгч рүү шилжүүлэх явцыг түргэтгэх стратегийг боловсруулжээ. Энэ хүрээнд үндэсний мэргэжилтнүүдийг мэргэшүүлж чадавхжуулах юм байна.

Яг одоо Тайваны үндэсний их сургуулийн профессор, доктор Лух-Маан Чанг “Ногоон ба Ухаалаг Барилгын цогцолбор төслийг нэвтрүүлэх нь: Тайваны Инновацийн хотхон төслийн туршлага” , “Эгийн голын усан цахилгаан станцын төслийн менежмент” сэдвээр тус төслийн дэд захирал Г.Золбоо  илтгэл тавьж байна.

 Б.Заяа

Связанные новости