Ирэх онд 50 мянган айлын сууцыг дулаалж, хий, цахилгаан, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт холбоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-09-19 14:57:50

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах “ногоон бүс”-д хамаарах 46080 өрхийн тоог ирэх онд нэмж, нийт 51080 өрхийн гэр, байшин сууцыг дулаалж, бүх төрлийн хий, цахилгаан, сэргээгдэх эрчим хүч, бусад эх үүсвэрт холбоно.


Үүний дараа “ногоон бүс”-д хамаарах 103 090 өрхийг 2028 онд хатуу түлшний хэрэглээнээс халж мөн дээрх эх үүсвэрт холбохоор төлөвлөснийг НИТХ-ын ээлжит бус VII хуралдааны үеэр НЗД-ын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин тэмдэглэв. Тэрбээр, “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулахаар нийслэлд “ногоон”, шар” бүс тогтоосон. Ногоон бүсэд 103.090, шар бүсэд 67.765 өрх хамрагдаж байгаа. Энэ онд агаарын бохирдол хамгийн их үүсдэг Баянгол, Чингэлтэй дүүргийн 5 хороонд 5000 айл өрхийг стандартын дагуу иж бүрэн дулаалж, хийн түлш рүү шилжүүлж байна” гэлээ.


Улаанбаатар хотын агаарын бохирдлын эх үүсвэрийн 55.6 хувийг гэр хороолол, 28.9 хувийг авто машин, 15.5 хувийг усан болон бага оврын халаалтын зуух, дулааны цахилгаан станцын үндсэн сан зэрэг бусад хүчин зүйлс бүрдүүлдэг. Энэ өвөл 40 мянган тонн мидлинг, мөн импортоор 306 мянган тонн хагас коксжуулсан шахмал түлш авч, нийт 340 мянган тонн түлшийг 400 борлуулалтын цэгээр худалдаална. Хагас коксжуулсан түлшний хүхэрлэг хийн хэмжээ сайжруулсан түлшнийхээс 89.2, азотын исэл 72.6, угаарын хий 24.5, нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ 68 хувиар бага гэсэн судалгаа бий. Хагас коксжуулсан түлш түлснээр агаарын бохирдлыг 45-50 хувь хүртэл багасгах боломжтой аж. 

Связанные новости