Хэнтий аймгийн бүх сургууль багш хөгжлийн төвтэй болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-03-02 09:21:13
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн ЗДТГ, Боловсрол соёл, урлагийн газраас “Хэнтийн боловсролын салбарын өнөөгийн байдал-Шийдэл” сэдэвт удирдах ажилтны зөвлөгөөнийг 2 дугаар сарын 28-нд зохион байгууллаа.
Тус зөвлөгөөнд аймгийн Засаг дарга Ц.Идэрбат, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Г.Лхагвахатан, БСУГ-ын дарга С.Мөнхцэцэг болон тус газрын 14 мэргэжилтэн, аймгийн төрийн болон хувийн ерөнхий боловсролын сургууль, СӨБ-ийн нийт 60 шахам удирдах ажилтан оролцож, салбарынхаа бодлогын асуудал, хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаа хэлэлцлээ.
Зөвлөгөөний эхэнд аймгийн Засаг дарга, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан боловсролын салбарын зорилт, арга хэмжээ, салбарын тулгамдсан асуудал, шийдэх арга замын талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр өнгөрсөн дөрвөн жилд 60 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт боловсролын салбарт орсон. Багшийн хөгжлийг дэмжсэн дэвшилтэт олон ажил байгааг онцолж, цаашид цахим хөгжилтэй хөл нийлүүлэн алхах, багшийн хөгжлийг цогцоор нь авч үзэх, Хэнтий аймгийн сургуулиудад багш хөгжлийн төв байгуулж, эрдэмтэн багш нараар цахим орчинд сургалт явуулах, бүх багш, сурагчдын чанарт анхаарах, Багш сурагчдын амжилтыг заах аргын нэгдлээр нь, анги хамт олноор нь шагнаж урамшуулна гэдгээ мэдэгдлээ.
Мөн хүүхдэд зөв хүмүүжил олгоход сургууль, багш, эцэг, эхчүүдийн уялдаа холбоог сайжруулан ажиллах, сурагч багачуудад Хэнтий аймгийн тухай мэдээлэл, эх түүхээрээ бахархах үзэл санаа суулгахад анхаарч ажиллах, салбарт тулгамдсан асуудлаа зөв тодорхойлж, түүнээс гарах арга замд салбараараа анхаарч ажиллахыг чухалчлав.
БСУГ-ын даргад бэлэн болгосон боловсролын салбарын стратеги төлөвлөгөөг эргэн нягталж, аймгийн ИТХ-аар батлуулахыг үүрэг болголоо. Сургуулийн орчинд суралцагсдын компьютер хангалтгүй байгаатай холбогдуулан цахим танхимыг компьютероор хангах зорилгоор ирэх жилүүдэд 1,7 тэрбум төгрөг зарцуулна гэдгийг тэрбээр мөн мэдээлэв.
Уулзалтын үеэр зарим сургууль, цэцэрлэгийг шагнаж урамшууллаа. Тухайлбал, БСУГ-аас СӨБ-ын таван настай хүүхдүүдийг сургуульд хэрхэн бэлтгэсэн байдлаар нь дүгнэхэд Хэрлэн сумын 6-р цэцэрлэг, Батноров сумын цэцэрлэг шалгарлаа.
“Алсын Хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Ногоон хөгжлийн бодлого” болон “Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө /2016-2030/”, “Тогтвортой хөгжлийн боловсролын үндэсний хөтөлбөр”, мөн аймаг, нийслэлийн “Ногоон хөгжилд суурилсан хэтийн зорилтот дунд хугацааны бодлогын баримт бичиг”-ийн хэрэгжилтийг хангах гол арга зам болсон сургууль, орон нутгийн түншлэлд суурилсан Олон улсын Эко-сургууль хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан тул Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Батширээт сумын ЕБС, Хэрлэн сумын 4-р цэцэрлэг, Баян-Адарга сумын ЕБС, Бор-Өндөр сумын нэгдүгээр цэцэрлэгийн хамт олонд Алтан гэрэгэ- “Ногоон туг” ирүүлснийг мөн гардуулав.
Зөвлөгөөнд оролцогсдоос 10 гаруй удирдах ажилтан аймгийн Засаг даргад санал хэлж, асуулт асуулаа.
Хичээлийн хөтөлбөрийн хоцрогдлыг арилгах, хүнд сэдвийн агуулгыг дахин давтах, хүүхдийн нийгэмшихүйн болон хөгжлийн хоцрогдлыг багасгах, арилгах, теле хичээлийг бататгах зорилгоор багшийн тасралтгүй мэргэжлийн хөгжлийг дэмжих, арга зүйгээ сайжруулах, удирдлагын манлайллыг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа тус зөвлөгөөн үндсэн 13 сэдвийн хүрээнд болж дууслаа.
Связанные новости