Тбилисийн Их дуулга өнөөдөр эхэлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын жүдо бөхийн холбооны /IJF/ 2021 оны дөрөв дэх тэмцээн Гүрж улсын нийслэл Тбилиси хотноо “Тбилиси- Их дуулга-2021” тэмцээн 3 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
“Токио-2020” зуны XXXII олимпын наадмын эрхийн оноо олгох тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс 80 орны эрэгтэй 253, эмэгтэй 211, нийт 464 жүдочид оролцохоор мэдүүлгээ өгчээ.
Энэ тэмцээнд эхний өдөр буюу өнөөдөр ОУХМ Л.Өнөболд, ОУХМ Э.Ариунболд 60 кг-ын жинд, ОУХМ Г.Хэрлэн 66 кг-д, эмэгтэй жүдочдоос гавьяат тамирчин М.Уранцэцэг 48 кг-д, ОУХМ Б.Хорлоодой 52 кг-д, ОУХМ Л.Энхрийлэн 57 кг-д тус тус хүч, ур чадвараа сорино.
Манай шигшээ багаас 9 эрэгтэй, 4 эмэгтэй жүдоч барилдах бөгөөд энэ удаагийн Гранд Слам тэмцээнийг Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумъяа, ОУХМ Б.Ганхайч, ОУХМ Ц.Энхчимэг, ОУХМ Ё.Басхүү, ОУХМ Л.Отгонбаатар нар өнжиж байгаа юм.
Тэмцээний эхний өдрийн сугалаатай танилцуулж байна.