Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 39.5 хувь нь аймгийн төвд амьдардаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-03-29 20:26:01

Ховд/МОНЦАМЭ/. “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ээлтэй, хүртээмжтэй орчин ба хэвлэл мэдээлэл” сэдэвт сэтгүүлчдэд зориулсан сургалт энэ сарын 26-нд Ховд аймагт болов.

Сургалтын ерөнхий үйл ажиллагааг НЛМ Норвегийн тусламжийн байгууллагын “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил” төслөөс зохион байгуулсан юм.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолойг олон нийт, шийдвэр гаргах түвшинд хүргэх, нийгэмд эерэг ойлголт, хандлагыг төлөвшүүлэхэд сэтгүүлчдийн үүрэг, оролцоо чухал. Иймээс орон нутагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй орчин бүрдүүлэхэд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудын оролцоог нэмэгдүүлэх, харилцан санал солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор тус сургалтыг зохион байгуулснаараа онцлогтой. 

Энэхүү сургалтад хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо, зарим мэргэжлийн байгууллага, орон нутгийн телевиз, сонин, сайт, радиогийн сэтгүүлч, ажилтнуудын төлөөлөл 20 орчим хүн оролцсон.

Сургалтын эхэнд НЛМ Норвегийн тусламжийн байгууллагын “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил” төслийн үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар товч танилцуулга мэдээлэл хийлээ.

Улмаар сургалтын хүрээнд ХБИ-ийг дэмжихэд чиглэсэн орон нутгийн бодлого, үйл ажиллагаа, боловсролд тэгш хамруулах үйл явц, хүртээмжтэй ба түгээмэл загварын тухай цогц мэдээллийг албаныхан танилцуулав.

Мөн “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ээлтэй, хүртээмжтэй орчин ба хэвлэл мэдээлэл” сэдвийн хүрээнд нэг сарын хугацаатай уралдаан зохион байгуулахаар төлөвлөлөө.

Тус төслөөс 2021 онд сайн дурын туслагч, үе тэнгийн сургагч бэлтгэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн оношилгоо, мэдээллийн өрөө бий болгох, орон нутгийн удирдлага, байгууллагын удирдлагууд, иргэдэд зөв ойлголт өгөх, хандлагыг өөрчлөх уулзалт, хэлэлцүүлэг, нөлөөллийн ажил зэргийг үе шаттай зохион байгуулах аж.

Ховд аймаг 89712 хүн амтай. Тэгвэл тус аймгийн хэмжээнд 2018 оны байдлаар хөгжлийн бэрхшээлтэй 2639 иргэн байгаагийн 1065 нь эмэгтэй, 1574 нь эрэгтэй юм. Эдгээр иргэний 48.8 хувь нь төрөлхийн, 41.2 хувь нь олдмол хөгжлийн бэрхшээлтэй аж.  

Тэдний 1.0 мянга буюу 39.5 хувь нь аймгийн төвд амьдардаг. Аймгийн хэмжээнд 25-аас дээш ажилтантай 80 байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй 152  иргэн ажиллаж байна гэх судалгаа гарчээ.  

Энэ онд Азийн хөгжлийн банкны 6.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв”-ийг Ховд аймагт шинээр байгуулах ба дохионы хэлний багш, орчуулагчийг сургахаар төлөвлөсөн гэж албаны эх сурвалж хэллээ. Мөн цаашид орон нутагт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ээлтэй, хүртээмжтэй орчин бүрдүүлэх чиглэлд талууд анхаарч ажиллах юм.

 

Связанные новости