“Цөлжилттэй тэмцэх олон улсын өдөр”-өөр мод тарихыг уриаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-06-17 20:03:04

Өнөөдөр "Цөлжилттэй тэмцэх олон улсын өдөр" тохиож байна. Энэ жил " Эх дэлхийгээ хамгаалъ! Эвдэрсэн газрыг нөхөн сэргээе! Олон нийтийг оролцуулъ." гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхийг НҮБ-ийн Цөлжилттэй тэмцэх конвенцийн дарга нарын газраас шийдвэрлэжээ. Энэ өдөр Хэнтий аймгийн Чингис хотын Хэрлэн голын сав газрын захиргаанаас ард иргэддээ мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхийг уриаллаа.

2008-2010-онд улсын хэмжээнд явуулсэн бэлчээрийн төлөв байдал, чанарын баталгааны дүнгээр Хэнтий аймгийн нийт бэлчээрийн талбайн 0.2 хувь нь их, 4.0 хувь нь дунд 14.6 нь бага талхлагдсан бол 81.3 хувь нь талхлагдаагүй гэж үзсэн нь улсын дундажтай харьцуулахад сайн үзүүлэлт боловч аймгийн хэмжээнд бэлчээрийн даац 9.7 хувиар хэтэрсэн гэж үзчээ.

БОНХАЖЯ-ны “Цөлжилтийн мэдээллийн сан”-гаас үзэхэд Монгол Улсын газар нутгийн 77,8 хувь нь цөлжилтийн явцад өртсөн. Иймд газрын доройтлыг нөхөн сэргээхийн тулд малчид бэлчээрийн сэлгээ хийж нөхөн сэргээх, бэлчээрийн менежментийг хэрэгжүүлэх, хот суурингийнхан мод тарих гэх зэргээр байгаль орчны байгууллагууд, орон нутгийн удирдлагууд, ард иргэд, малчидтайгаа хамтран зайлшгүй арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг холбогдох байгууллагын мэрэгжилтнүүд хэлж байгаа юм. 

Энэ өдрийг НҮБ-ын Ассемблейн 1997 оны шийдвэрээр тэмдэглэх болсон бол Монгол Улс 2007 оноос жил бүр тэмдэглэн өнгөрүүлж байгаа аж.

Хэнтий аймаг О.Буянхишиг

Связанные новости