БНХАУ-д өдөрт 14 сая орчим тун вакцин тарьжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
БЭЭЖИН. /Global
Times/. БНХАУ “COVID-19”-ийн вакцинжуулалтаа эрчимжүүлж байгаатай
холбоотойгоор улсын хэмжээнд өдөрт тарьсан вакцины тунгийн тоо 14 саяд дөхжээ.
“Global Times” сонины мэдээллээр, орон даяар тарьсан вакцины
тунгийн тоо 100 саяас 200 саяд хүрэхэд 25 хоног зарцуулсан бол 300 саяд хүрэхэд
16 хоног, 400 саяд хүрэхэд ердөө 9 хоногийн хугацаа зарцуулсан байна.
Мөн сүүлийн
хоногт 14 сая орчим тун вакцин тарьсан нь вакцинжуулалтыг эхлүүлснээс хойш
өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Өнгөрсөн долоо хоногт
зүүн нутгийн Аньхуй, зүүн хойд нутгийн Ляонин мужид халдварын тохиолдлууд
бүртгэгдсэнтэй холбоотойгоор вакцинд хамрагдах хүсэлтэй хүмүүсийн тоо нэмэгдсэн
байна.
Тухайлбал, Аньхуйд
халдварын тохиолдлууд бүртгэгдсэн тавдугаар сарын 13-ны өдөр 840 мянган тун
вакцин тарьж байсан бол өнгөрсөн ням гарагт 1.18 саяд хүрч өссөн гэж мужийн
Эрүүл мэндийн хорооны төлөөлөгч Дун Минпэй даваа гарагт мэдээлжээ.
Тус мужид даваа гаргийн байдлаар 9.68 сая хүн вакцины эхний тунг, 2.03 сая хүн хоёр тунг хоёуланг нь хийлгэжээ. Тодруулбал, 100 хүн тутамд 19.22 тун вакцин тарьсан байна.
“COVID-19”-ийн тохиолдлууд бүртгэгдсэний дараа эрс нэмэгдсэн эрэлтийг хангахын тулд Аньхуй дахь вакцинжуулалтын цэгүүдийн хүчин чадлыг үргэлжлүүлэн нэмэгдүүлнэ гэж Д.Минпэй мэдээлжээ. Мөн мужийн олон хотын эрх баригчид вакцинжуулалтыг эрчимжүүлэх талаар хэлэлцсэн байна.
Аньхуй, Ляонинд халдварын тохиолдлууд шинээр бүртгэгдсэн нь вакцины ач холбогдлыг илтгэн харуулсан бөгөөд эдгээр мужийн вакцинжуулалтын үзүүлэлт нь хоёр тунд тулгуурлан гаргасан улсын дундажтай харьцуулахад хавьгүй бага байсныг “Global Times” сонинд мэдээлжээ.
Шанхайд төвтэй вакцины мэргэжилтэн Тао Линагийн мэдээлснээр, Хятад улсын вакцины нөөц нь вакцинжуулалтыг эрчимжүүлэхэд хангалттай хүрэлцэх ажээ. Тус улс нь өнгөрсөн долоо хоногт өөр нэгэн идэвхгүй вакцинд яаралтай журмаар ашиглах зөвшөөрөл олгожээ. Уг вакциныг үйлдвэрлэгч “Shenzhen Kangtai Biological Products” компанийн хувьд жилд 200 сая тун вакцин үйлдвэрлэх боломжтой гэдгээ мэдэгдсэн байна.