Монголоос Франц улсад байгалийн цэвэр хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх талаар санал солилцлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас БНФУ-д суугаа ЭСЯ-наас Үндэсний Ассамблейн гишүүн Вержини Дөби-Мюллер, “Bio Frais” компанийн Ерөнхийлөгч Филипп Грандчамп нартай уулзалт зохион байгуулж, Монголоос Франц Улсад байгалийн цэвэр хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх талаар санал солилцлоо.
Уг уулзалтыг “Да Cа” компани захирал Б.Саран, “Үүрдийн Монгол” ТББ-ын тэргүүн Б.Эрдэнэхуягийн санаачилгаар зохион байгуулжээ. Уг уулзалтад Монгол Улсаас БНФУ-д суугаа Элчин сайд А.Баттөр, Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайд Л.Пүрэвсүрэн нар оролцсон бөгөөд талууд Монголын био бүтээгдэхүүнийг Европын холбооны улсуудад болон Франц Улсад импортоор оруулж ирэхэд шаардлагатай бүхий л талаар дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийллээ.
Францын “Bio Frais” компани нь 2001 онд байгуулагдсан, 50 гаруй орны био бараа, бүтээгдэхүүнийг өөрийн салбар дэлгүүрүүдээр дамжуулан борлуулдаг томоохон аж ахуйн нэгж юм. “Да Са” компани өөрийн “MGL Sushi” нэртэй био сушийг тус компанийн дэлгүүрүүдэд борлуулахын зэрэгцээ монголчуудыг ажлын байраар ханган ажиллаж байна. Уулзалтын төгсгөлд Үндэсний Ассамблейн гишүүн Вержини Дөби-Мюллер эдгээр монгол ажилчдыг орон сууцаар хангахад дэмжихээ илэрхийлсэн нь “Да Са” компанийн хувьд ажилчдынхаа нийгмийн болон тогтвортой ажлын байраар хангах асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн тус дэм болох шийдвэр боллоо.