Дэлхий даяар 1.5 тэрбум гаруй тун вакцин тарьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2021-05-19 15:21:28

НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. Дэлхий даяар өрнүүлж буй вакцинжуулалтын хамгийн том кампанит ажил үргэлжилж байна. Одоогийн байдлаар дэлхийн 176 улсад коронавирусний нийт 1.5 тэрбум тун вакцин тарьжээ.


“Bloomberg” агентлагийн мэдээлснээр, дэлхий дахинд өдөрт 25 сая орчим тун вакцин хийгдэж байна.

Үүнээс АНУ-д нийт 276 сая тун вакцин тарьжээ. Сүүлийн долоо хоногийн үзүүлэлтээс харвал, тус улсад өдөрт дунджаар 1.77 сая тун вакцин хэрэглэгдэж байгаа аж.


Дэлхийн хүн амын 9.9 хувь нь вакцинд бүрэн хамрагдах хэмжээний тунг тариад байгаа ч хуваарилалт нь тэгш бус байна. Өндөр орлоготой орнуудад вакцинжуулалтын хурд бага орлоготой орнуудтай харьцуулахад 25 дахин хурдан байгаа аж. Хамгийн сайн вакцинууд 95 хувийн үр дүн үзүүлээд байгаа ч вакцинжуулалтын аяныг уялдаа холбоотой явуулах шаардлагатай байгааг агентлаг цохон тэмдэглэв.


Вакцинжуулалтын үзүүлэлт энэ эрчээрээ үргэлжилбэл дэлхийн хэмжээнд дархлаажуулалтын мэдэгдэхүйц түвшинд хүрэхийн тулд багагүй хугацаа шаардагдана. Гэсэн ч вакцинжуулалтын түвшин тогтмол өсөж зах зээл дээр шинэ вакцинууд худалдаанд гарч байна.


Хүн амын 70-85 хувь нь вакцин хийлгэснээр АНУ хэвийн амьдралдаа эргэн орно гэж тус улсын халдварт өвчний мэргэжилтэн Энтони Фаучи мэдэгджээ. АНУ-д өдөрт дунджаар 1.7 сая гаруй тун вакцин хэрэглэгдэж буйг тооцож үзвэл дархлаажуулалтад хамрагдсан иргэдийн тоог 75 хувьд хүргэхийн тулд дахин 4 сарын хугацаа шаардагдах юм.


Цар тахал дэгдэж эхэлснээс хойш коронавирусээр халдварласан тохиолдлын тоо 164 сая давсан бол өвчний хүндрэлийн улмаас 3 399 793 хүн нас баржээ. 


Вакцинжуулалтын үр дүнг нийтээрээ батлан харуулсан анхны улс бол Израил билээ. Тус улс вакцинжуулалтаар дэлхийд тэргүүлэгч бөгөөд хоёрдугаар сар гэхэд 70 болон түүнээс дээш насны хүмүүсийн 84 гаруй хувь нь вакцинд бүрэн хамрагдсан байна. Тийнхүү халдварт өвчин хүндээр туссан тохиолдол болон нас барсан тохиолдлууд хурдан буурчээ.


Одоогоор дэлхий дахинд вакцин, вирус хоёрын тэмцэл явагдаж байна. Шинээр илэрсэн хувилбарууд дахин халдварт өвчин дэгдэх аюул учруулж болзошгүй байгаа юм. Вакцинжуулалтын ашиг тус нь эхэндээ мутацид орсон вирусний улмаас дарагдаж байсан. Гэсэн ч цаг хугацаа өнгөрч хурд нь нэмэгдэхийн хэрээр халдварт өвчний ачааллыг хязгаарлах боломжтой юм.

Связанные новости