Монгол, Казахстаны хооронд хуваарьт нислэгийг үе шаттай нээх асуудлаар санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
munkhbaatar@montsame.gov.mn
2021-05-21 14:17:55
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын ГХЯ хоорондын Консулын X зөвлөлдөх уулзалт өчигдөр цахимаар болсон тухай ГХЯ-наас мэдээлэв.


Энэ удаагийн уулзалтын Монгол талын төлөөлөгчдийг ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг, Казахстан талыг тус улсын ГХЯ-ны Консулын албаны дарга Акатаев Бауыржан Рымканович нар тус тус тэргүүлсэн бөгөөд төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Элчин сайд Л.Баттулга, Элчин сайд Жалгас Адылбаев нараас гадна ГИХГ-ын дарга Н.Ууганбаяр, ХЗДХЯ, ЗТХЯ, ЦЕГ-ын холбогдох ажилтнууд оролцов.



Зөвлөлдөх уулзалтаар хоёр талын консулын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцаж, цар тахлын хүнд цаг үед нутаг буцах хүсэлтэй хоёр улсын иргэдийг тусгай нислэгээр нутаг буцаахад хүмүүнлэгийн шугамаар тусалсанд харилцан талархал илэрхийллээ.


Түүнчлэн энэ удаагийн уулзалтаар хоёр улсын хоёрдмол харьяалалтай иргэдийн асуудлыг шийдвэрлэх, хоёр улсын Хууль зүй, дотоод хэргийн яамд, хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, мөн Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад хамрагдаж, шинжилгээ хийлгэсэн гэрчилгээг харилцан хүлээн зөвшөөрөх замаар хуваарьт нислэгийг үе шаттай нээх зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хэлэлцсэн болно.

Связанные новости