“Хүүхдээ сонсъё” уулзалтаар 30 гаруй асуудлыг хэлэлцэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-06-02 12:08:54

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Ц.Номинчимэг болон бусад мэргэжилтнүүд өчигдөр хүүхэд, өсвөр үеийнхний төлөөллийг хүлээн авч уулзав. 

“Хүүхдээ сонсъё” сэдэвт энэхүү уулзалтыг “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулснаараа онцлогтой.   

Тус уулзалтад Ховд аймгийн хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагын гишүүд, хүүхэд хөгжүүлэх дугуйлангийн сурагчид, хөгжлийн бэрхшээлтэй, бүтэн өнчин хүүхдийн төлөөлөл оролцжээ.

Улмаар хүүхэд багачууд, өсвөр үеийнхэнд тулгамдаж буй асуудал, тэдний санал бодлыг нээлттэй сонслоо. Ингэхдээ боловсрол, эрүүл мэнд, гэр бүлийн орчин, хэвлэл мэдээлэл, олон нийтийн цахим орчинд хүүхдийн эрх хэрхэн зөрчигдөж буй талаар 30 гаруй асуудлыг хөндөж ярилцсан юм. Энэ үеэр хүүхдийн эрхийг хамгаалах замаар хүүхэд бүрийн тэгш эрхийг хангах, оролцоог нэмэгдүүлэх, өсвөр үе, залуучууд чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх, суурь хүмүүжил, төлөвшил, харилцаа, хандлагаа сайжруулах нь чухал гэж оролцогчид хэлэв.  

Ийнхүү хүүхдүүдийн гарсан шинэ санал санаачилга, зарим тулгамдсан асуудлыг холбогдох байгууллага, шийдвэр гаргах түвшинд уламжлахаар төлөвлөсөн гэж Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.    

Связанные новости