Н.Учралыг СЕХ болон АТГ-аар шалгуулна гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-06-23 13:36:21

УИХ-ын 72 дугаар тойрогт нэр дэвшигч З.Баянсэлэнгэ, түүний гэр бүл болон эрх зүйч А.Гантамир нар өнөөдөр сэтгүүлчдэд хандаж мэдээлэл хийх үеэрээ “Рояал академи” ХХК-ийн захирал Н.Учралыг шалгуулахаар СЕХ болон АТГ-т хандаж байгаагаа мэдэгдлээ.

Эрх зүйч А.Гантамир, “З.Баянсэлэнгэ нэр дэвшигчийн штаб нь хуулиа биелүүлж, шударгаар өрсөлдөхийн зэрэгцээ бие биенийхээ нэр хүндэд халдахгүй байх гэсэн зарчмыг барьж ажиллаж байгаа. Гэтэл хоёр өдрийн өмнө “Ноцтой мэдээ” сонинд “Муу муухай болгоныг бодитой хэрэгжүүлж ирсэн З.Баянсэлэнгийн бусармаг үйлдлүүд” гэсэн гарчигтай бүтэн нүүр материал нийтлэгдсэн. Тус материалд түүнийг гэр бүлийн хувьд тогтворгүй гэж бичсэний дээр Д.Ганхуяг гэдэг залуу З.Баянсэлэнгэ гишүүнээс болж амиа алдсан гэжээ. Одоогоор энэ хүний нэр дээр шүүхийн ямар нэг шийдвэр болон шалгагдаж байгаа асуудал байхгүй. Мөн Зайсанд хаустай, “Ард суварга” компанийн нэр дээр 9 тэрбум төгрөгийн тендер авсан, дахин 26 тэрбум төгрөгийн тендер авахаар зэхэж байгаа гэх мэт гүтгэлгийн чанартай мэдээлэл нийтэлсэн учир тус сониныг иргэний шүүхэд өгч байна гэв.

Түүнчлэн нэг тойрогт нэр дэвшиж буй Н.Учрал нь сүүлийн өдрүүдэд орсон борооны улмаас үүссэн гэр хорооллын эвдэрсэн замуудыг хөрөнгө гаргаж техникээр тэгшилж байгаа. Эдгээрийг бид баталгаажуулсан. Тиймээс энэ асуудлыг СЕХ-нд баримтын хамт хүргүүлж шалгуулна. Үүний зэрэгцээ Н.Учрал нь 120 орчим сурталчилгааны самбар байрлуулсан байгаа. Сурталчилгааны самбараа өдөр бүр сольдог, зургийн агуулга нь бас өөрчлөгдөж байгаа нь хуулиар тогтоосон зардалдаа багтаж байгаа эсэх нь эргэлзээтэй байгаа тул хянуулна" гэв.

Энэ үеэр нэр дэвшигч З.Баянсэлэнгэ ярихдаа, “Н.Учрал нь сонгуулийн тойрог хуваарилаж байх үед манай яаман дээр ирж намайг 72 дугаар тойргоо солиоч ээ гэсэн. Хэрэв та тойргоо сольчихвол Л.Эрдэнэчимэгийг амархан ялчих гээд байна. Надад 6000 оюутан байна. Оюутнуудаасаа өгье. Гурван телевиз байна. Телевизээсээ өгье гэсэн. Үүний хариуд би шударгаар өрсөлдөе гэж хэлсэн” гэв. Тэрбээр тендертэй холбоотой асуудал дээр өмнө нь АТГ-аар шалгуулж холбогдолгүй гэдгээ тогтоолгосон. Зайсанд мөн хаусгүй гэдгээ хэлээд нийт нэр дэвшигчдийг сонгуульд шударгаар өрсөлдөхийг уриаллаа.

Б.Туул

Связанные новости