Малайзад эдийн засгийн гол салбаруудын ажилчдыг вакцинжуулж эхэлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2021-06-15 16:19:24

СИНГАПУР. /The Straits Times/. Эдийн засгийн гол салбаруудын ажилчдыг энэ сарын 16-наас вакцинжуулж эхэлнэ гэж Малайзын хүн амыг вакцинжуулах ажлыг хариуцсан сайд Хайри Жамалуддин мэдээлэв.


Түүний мэдээлснээр, аж үйлдвэр, барилга, зочид буудлын бизнесийн салбарынхан, мөн хөдөө аж ахуй, жижиглэнгийн худалдаа эрхэлдэг хүмүүс вакцин хийлгэх боломжтой байна. "Сарын эцэс гэхэд 30 мянга орчим хүнд вакцин хийхээр төлөвлөж байна" гэж тэрбээр нэмж хэлжээ.


Малайзын Эрүүл мэндийн яамны хамгийн сүүлийн мэдээллээр, коронавирусний халдварын идэвхтэй 15 голомтын 11 нь эдийн засгийн чухам эдгээр салбарт бүртгэгдсэн байна.


Үүний зэрэгцээ Малайзын сөрөг хүчний төлөөлөгчид вакцинжуулалтын төлөвлөгөөг дэс дараалалгүй хэрэгжүүлж байна гэж Засгийн газраа буруутгажээ. Тодруулбал, Ардчилсан үйл ажиллагааны намын гишүүд багш нарыг вакцинжуулах үе шат гуравдугаар сараас эхэлсэн хэдий ч өнөөдрийг хүртэл тэдний дөнгөж 16 хувь нь вакцинд хамрагдсан байгааг сануулсан байна. Үүнээс гадна, одоогийн байдлаар вакцинжуулалтын үндэсний хөтөлбөрт эн тэргүүний бүлэгт оруулсан байгаа ч насанд хүрсэн хүн амын дөнгөж 57 хувь нь вакцин хийлгэжээ.


Гэсэн хэдий ч эрх баригчид коронавирусний эсрэг дархлаа оны эцэст нийгэмд бий болно гэж тооцоолж байна. Халдвар авсан хүмүүсийн тоо огцом өссөнтэй холбогдуулан Малайзын эрх баригчид хамгийн хатуу хязгаарлалтуудыг зургаадугаар сарын 1-нээс тогтоосон юм.


Цар тахал дэгдсэнээс хойш тус улсад 662 мянга гаруй хүн халдвар авч, 3900 гаруй өвчтөн нас баржээ.


Связанные новости