Хүүхдийн мөнгөн тэтгэмж 330 тэрбумаар нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-06-15 17:01:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийгмийн даатгалын сангаас энэ оны эхний 5 сард 455 мянган хүн тэтгэвэр авчээ. Үүний 76 хувь нь өндөр насны тэтгэвэр авагч иргэд байна. 15 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 9 хувь нь тэжээгчээ алдсаны болон цэргийн тэтгэвэр авагчид байна. 


ҮСХ-ны мэдээллээр, энэ оны эхний 5 сард Нийгмийн халамжийн сангаас давхардсан тоогоор 2.3 сая хүнд 828 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж үйлчилгээ үзүүлсэн нь өмнөх оны мөн үеэс нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагчид 90 мянгаар, үйлчилгээнд олгосон тэтгэвэр, тэтгэмж, тусламж хөнгөлөлтийн хэмжээ 353 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагсад, тэнд олгосон тэтгэвэр, тэтгэмж, тусламж үйлчилгээ хөнгөлөлтийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс нэмэгдэхэд Хүүхдийн мөнгөн тэтгэмж авсан, 18 хүртэлх насны хүүхдийн тоо 61 мянга буюу 5.3 хувиар, олгосон тэтгэмжийн хэмжээ 330 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Энэ оны эхний 5 сард 18 хүртэлх насны 1.2 сая хүүхдэд 603 тэрбум төгрөгийн Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгожээ. 



Нийгмийн халамжийн тэтгэвэрт энэ оны эхний 5 сард 57 мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 2.3 мянга буюу 4.2 хувиар, олгосон тэтгэмжийн хэмжээ 22 тэрбум төгрөгөөр буюу 41 хувиар нэмэгджээ. Нийгмийн халамжийн тэтгэвэрт хамрагдсан иргэдийн:

  • 68 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй,
  • 26 хувь нь тэжээгчээ алдсаны нас барсаны болон 18 хүртэлх насны хүүхэд,
  • 6 хувь нь ахмад настан,
  • 0.2 хувь 16 насанд хүрсэн одой иргэд байна.



Мөн нийгмийн халамжийн тэтгэмжид 104.4 мянган иргэн хамрагдсаны 55 хувь нь асаргааны тэтгэмжид, 45 хувь нь онцгой тохиолдлын болон амьжиргааг тэтгэх мөнгөн тэтгэмжид хамрагдсан иргэд байна. Нийгмийн халамжийн тэтгэмжид энэ оны эхний 5 сард 42 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 6 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. 




Связанные новости