Улсын хэмжээнд иргэдийн 91.8 хувь нь вакцины эхний тунг хийлгээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-06-16 12:58:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд “Ковид-19”-ийн эсрэг вакцинаар нийт 12 415 иргэнийг өчигдөр  дархлаажуулжээ. Үүнээс нийслэлд 4613 хүн, орон нутагт 7802 хүн вакцинд хамрагдсан байна.


Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 963 563  нь эхний тунг, 845 271 нь хоёрдугаар тунг тариулжээ. Орон нутагт вакцины нэгдүгээр тунг 934 393 хүн, хоёрдугаар тунг 822 578 хүн тариулаад байна.

Харин улсын хэмжээнд вакцины нэгдүгээр тунгаар нийт 1 897 956 хүн буюу 91.8 хувь, хоёрдугаар тунгаар 1 667 849 хүн буюу 80.7 хувийг дархлаажуулаад байгаа юм. Улсын хэмжээнд вакцинд хамрагдах ёстой иргэдээс 400 мянган хүн бүрэн хамрагдаагүй байна.

Мөн халдвар авсан иргэдийн дийлэнх нь дархлаажуулалтад хамрагдаагүй иргэд байна. Тиймээс иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайн баримталж, вакцинд идэвхтэй хамрагдахыг ЭМЯ-наас уриаллаа.

Вакцин хийлгэхийн өмнө анхаарах зүйлс:

Ковид-19-ийн вакцины талаар тодорхой мэдээлэлтэй байх

Дулаан хувцаслах

Сүүлийн 1 сарын хугацаанд ямар нэгэн вакцин хийлгээгүй байх

Вакцинжуулалтын цэгт очиж вакцинаа хийлгэх

Эмчийн үзлэгт орох

Вакцин хийлгэсний дараа 30 минут ажиглалтад байх

Халдвар хамгааллын дэглэмийг сахих (амны хаалт зүүх, гараа халдваргүйжүүлэх, хүн хоорондын зай барих)

Вакцин хийлгэсний дараа юу анхаарах вэ?

Вакцин тарьсан хэсгийг хөндөхгүй, хүрэхгүй байх

Даарахгүй байх, хоёр хоног ус хүргэхгүй байх

Вакцин хийлгэхийн өмнө ба дараа согтууруулах ундаа хэрэглэхгүй байх

Халдвар хамгааллын дэглэмийг сахих (амны хаалт зүүх, гараа халдваргүйжүүлэх, хүн хоорондын зай барих)

Халуурах, ханиах зэрэг шинж тэмдэг илэрвэл 119 дугаарт хандах

Боолт хийх, эм, тос түрхэх, хөхний сүү, гялгар уут, бусад зүйлээр жин тавихгүй байх

Давтан тунгаа товлолт хугацаандаа хийлгэх

 

 

 

 

Связанные новости