Европын Холбооны зах зээлд экспортлох бүтээгдэхүүнд тавих шаардлагыг тодорхойлно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2021-06-22 08:44:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс-Европын Холбооны Монгол Улс-ЕХ Амьтан, ургамлын эрүүл ахуйн асуудлаар хоёр талын зөвлөлдөх механизм байгуулах анхдугаар уулзалт энэ сарын 21-нд болов.


Монгол Улс ЕХ руу экспортлох амьтан, ургамлын гаралтай 18 нэр төрлийн 70 бүтээгдэхүүний жагсаалтыг 2020 онд Европын Комисст хүргүүлсэн. Тухайлбал, чацаргана, чацарганын бүтээгдэхүүн, хонины ноосоор хийсэн био бордоо, хушны самар, гоо сайхны бүтээгдэхүүн, арьс шир, ноос, утас, даавуу, сарлагийн хөөвөр, торомны ноос мөн дайвар мах, нөөшилсөн бүтээгдэхүүн, өлөн гэдэс зэрэг бүтээгдэхүүнийг ЕХ-ны зах зээлд экспортлох боломжтой гэж үзэж байгаа юм.


Зөвлөлдөх уулзалт нь ЕХ-ны зах зээлд дээрх бүтээгдэхүүнийг экспортлоход тавигдах шаардлага, холбогдох журмын талаар мэдээлэл солилцох, хамтран ажиллах, экспортод тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх зорилготой юм.


Зөвлөлдөх уулзалтад Монголын талаас ГХЯ, ХХААХҮЯ,  МЭЕГ, ГЕГ, МХЕГ-ын асуудал хариуцсан албан тушаалтнууд, ЕХ-ны Төлөөлөгчийн газрын тэргүүн Элчин сайд, Европын Комиссын Эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын ерөнхий газрын асуудал хариуцсан албан тушаалтнууд, Монголын худалдааг дэмжих ТРАМ төслийн багийн төлөөлөгч оролцов.


Зөвлөлдөх уулзалтыг хагас жил тутам хийх бөгөөд эхний ээлжинд ЕХ-ны зах зээлийн шаардлагын дагуу өлөн гэдэс, зөгийн бал дахь эм, пестицитийн үлдэгдлийг хянах төлөвлөгөөг боловсронгуй болгох, мөн чацаргана, хонины ноосоор хийсэн бордоо зэрэг зарим бүтээгдэхүүний экспортод тавигдах эрүүл ахуйн шаардлагыг тодорхой болгохоор тохиров.

Связанные новости