УИХ-ын БСШУС-ын байнгын хорооны гишүүд МҮОХ-нд зочлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-07-08 07:32:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Дамдинням, гишүүн Х.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид лхагва гарагт “Olympic house”-д зочилж, МҮОХ-ны удирдлагууд, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдтэй уулзлаа.

 

Өдгөө УИХ-аар Биеийн тамир, спортын тухай хуулийг хэлэлцэх гэж байгаа үед энэ уулзалт болсон нь онцлог байлаа. МҮОХ-ноос спорт, олимпизмийг хөгжүүлэх, баг тамирчдаа олимп тэргүүтэй томоохон наадмуудад оролцуулахад тулгардаг бэрхшээлийн талаар хуваалцаж, төр засгаас тодорхой дэмжлэг шаардлагатай байгааг уламжлав.

 

Тухайлбал, Ерөнхийлөгчийн дэргэд спортын орон тооны бус зөвлөхтэй болох, 3000 гаруй биеийн тамирын багш нарын идэвх санаачилгыг нэмэгдүүлэх, тэдний нийгмийн асуудалд анхаарах, МҮОХ, БТСУХ, БШУЯ-ны хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулах зэрэг хэд хэдэн асуудалд төрийн дэмжлэг шаардлагатай байгааг онцлов.

 

Байнгын хорооны дарга Г.Дамдинням эдгээр саналыг ажил хэрэг болгоход бүх талаар тусалж дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийллээ. Мөн спортыг дэмжих лобби бүлэг байгуулахаар төлөвлөж байгаагаа дуулгав. “Боловсролын тухай багц хуулийг өргөн барьсан, УИХ-аар хэлэлцэхэд бэлэн болоод байна. Та бүхэн саналаа уламжлаарай. Бид ажил хэрэг болгох тал дээр бүх талын дэмжлэг үзүүлэх болно” хэмээн Г.Дамдинням гишүүн хэллээ.

 

Мөн энэ үеэр спорт, олимпизмийг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй хоёр эрхмийг өнөөдөр МҮОХ-ны дээд шагнал “Алтан од” одонгоор шагнаж урамшууллаа.

 

Тухайлбал, Монголд триатлон болон бусад спортыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж Монголын триатлоны холбооны ерөнхийлөгч, Монголын үндэсний олимпийн хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ц.Сандуйг, Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч, Азийн хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч А.Ганбаатарыг энэхүү хүндтэй одонгоор шагнав.


 

Ц.Сандуй нь Монголын триатлоны холбоог удирдаж байхад тамирчид залуучуудын олимпын наадмын эрх аван оролцсон төдийгүй шүүгч Б.Цагаанбаатар “Токио-2020” паралимпын наадмыг шүүх эрхтэй болоод байгаа билээ.

 

А.Ганбаатарын хувьд МХБХ-ны ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа бэлтгэлийн төв, шинэ Яармаг дахь цэнгэлдэх зэрэг томоохон бүтээн байгуулалтуудыг бий болгоод зогсохгүй хэд хэдэн жижиг талбайн төслийг FIFA болон Азийн хөлбөмбөгийн холбооны дэмжлэгтэй хэрэгжүүлж байна. Шагналыг МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар гардуулан өглөө.

Связанные новости