Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр дэд бүтцийн хөгжилд чиглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-06-28 16:10:13

Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Төрийн тэргүүн нарын гурав дахь удаагийн уулзалтын үеэр гарын үсэг зурсан Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр дэд бүтцийн хөгжилд чиглэж байгааг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн мэдээлэв.

Энэ сарын 22-24-нд Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Дээд хэмжээний уулзалтын үеэр Төрийн тэргүүн нарын гурав дахь удаагийн уулзалтыг зохион байгуулсан. Уулзалтын үеэр Монгол-Орос-Хятадын хооронд Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт гарын үсэг зурсан юм. Гурван талт уулзалтын эхнийхийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагаар 2014 оны 9 дүгээр сард Тажикстан Улсын нийслэл Душанбе хотод хийсэн бол хоёр дахь уулзалтыг өнгөрсөн  оны 7 дугаар  сард ОХУ-ын Уфа хотноо зохион байгуулсан юм. Өнгөрсөн онд болсон уулзалтаар хөтөлбөр хэрэгжүүлэх тухай Санамж бичигт гарын үсэг зурж, нэг жилийн хугацаанд боловсруулахаар тохирсон. Үүний дагуу ГХЯ, ОХУ-ын Эдийн засгийн яам, БНХАУ-ын Хөгжил, шинэчлэлийн хорооны хооронд хэд хэдэн удаа хэлэлцээр зохион байгуулж, 32 төсөл бүхий Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр боловсруулсан хэмээн онцлов.

Тэрбээр, “Хөтөлбөрийн хүрээнд төмөр зам, авто зам, агаарын тээвэр, эрчим хүч дамжуулах сүлжээг хөгжүүлэх зэрэг 32 төсөл хэрэгжүүлнэ. Тухайлбал, Монгол Улсын төмөр замыг шинэчилж, жилд 100 сая тонн ачаа тээвэрлэх боломж бүрдүүлэх, баруун болон зүүн хэсэгт автозам, төмөр замын шинэ гарц нээх зэргийг дурьдаж болно. Анх хөтөлбөр боловсруулах талаар хэлэлцэж эхлэхэд БНХАУ-ын зүгээс 190 гаруй төсөл санал болгож байсан. Үүний зарим нь Монгол Улсын оролцоогүй, зөвхөн ОХУ, БНХАУ-ын хооронд хэрэгжүүлэх төсөл байсан тул бид хасуулсан. Эдгээр төслийн талаар тун удахгүй ГХЯ-ны www.mfa.gov.mn цахим хуудсанд байршуулах болно.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улс БНХАУ болон ОХУ-ын дунд оршиж байгаа тул Улаанбаатар хотод Гурван талт уулзалтын төв байгуулах санаачлага гаргасныг ОХУ-ын төрийн тэргүүн дэмжсэн. Тиймээс уг төвийг энэ онд багтаан байгуулах зорилт тавин ажиллана. Дараагийн уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулахаар төлөвлөж байна” гэлээ.

Уулзалтын үеэр ярьсан нэг томоохон сэдэв нь Эгийн голын усан цахилгаан станц байгуулах асуудал юм. Уг төслийг БНХАУ-ын талаас зээл авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. ОХУ-ын Ерөнхийлөгч уг төсөл Байгаль нуурт сөргөөр нөлөөлөх магадлалтай тул одоохондоо шууд шийдвэрлэж болохгүй, эргэлзээтэй байна гэсэн байр суурь илэрхийлсэн. Мөн тэрбээр заавал усан цахилгаан станц байгуулахгүйгээр ОХУ-аас Монгол Улсад экспортлож буй цахилгааны үнийг бууруулах чиглэлээр яриа, хэлэлцээр хийж болно гэсэн санал гаргажээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, “Дэлхийн дулаарлаас болж Хөвсгөлийн уулс орчмын мөнх сарьдаг хайлж байгаа. Ирэх 40 жилд бүрэн дуусах магадлалтай байгаа тул үүнээс өмнө Монгол Улс усны нөөцөө бүрдүүлэх шаардлагатай. Ингэснээр дэлхийн дулаарлаас шалтгаалан Байгаль нуурийн ус багасах, ширгэхээс сэргийлж чадна” хэмээн ОХУ-ын төрийн тэргүүнд танилцуулжээ. ОХУ-ын төрийн тэргүүн энэ асуудлыг үргэлжлүүлэн нарийн судлахаа илэрхийлэв.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Связанные новости