Г.Гантуяа: Элсэлтийн шалгалтын даалгавар задраагүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-06-23 14:31:48

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Боловсролын Үнэлгээний төвөөс элсэлтийн шалгалтын зохион байгуулалт болон үр дүнгийн талаар өнөөдөр танилцууллаа.


Энэ тухай БҮТ-ийн захирал Г.Гантуяа ярихдаа, “Элсэлтийн шалгалтыг 2006 оноос эхлэн уламжлалт, нэг үйл явцын дагуу зохион байгуулдаг. Даалгаврыг вакуумжуулж, интернэт орчингүй газар тагнуул, цагдаагийн хамгаалалт дор боловсруулдаг. Дараа нь тагнуулын байгууллагын тусламжтай орон нутагт хүргүүлдэг. Тийм учраас Элсэлтийн шалгалтын даалгавар огт задраагүй. Энэ оны зургадугаар сард олон улсын шалгалтын үнэлгээг элсэлтийн үнэлгээтэй дүйцүүлэх цахим хүсэлтийг гуравдугаар сарын 6-наас тавдугаар  сарын 30-ны өдрийг дуустал хүлээн авч 2598 шалгуулагчийн 3661 шалгалтын үнэлгээг дүйцүүлсэн. 2025 онд 10 хичээлээр шалгуулагчид шалгалт өгөхөд түүхийн хичээлээр анхны дундаж оноо 43.6 байсан бол 2024 онд 41.2 байсан. Англи хэлээр анхны дундаж оноо 35.3 байсан бол 2024 онд 35.7 байсан. Химийн хичээлээр энэ онд 32.9, өмнөх онд 25.3 байв. Газар зүй 56.7, өмнөх онд 44, нийгэм судлал 2025 онд 36.1, өмнөх онд 43, биологи 2025 онд 34 оноо, 2024 онд 46 оноо, математик 2025 онд 20 оноо, 2024 онд 24 оноо, физик 36.6, өмнөх онд 34.6, орос хэл энэ онд 66.4, өмнөх онд 64, монгол хэл 42, 2024 онд 38 оноо тус тус байжээ. 10 хичээлээр 800 оноо авсан шалгуулагчид нийгэм судлал 2024 онд 31 байсан бол энэ жил 39 болсон. Математик 31 байсан бол 38 болсон. 2025 онд 800 оноо авсан нийт шалгуулагч 171 байна" гэв.


Тэгвэл БҮТ-ийн даалгаврын үнэлгээний хэлтсийн дарга С.Гэндэнжамц ярихдаа, “Элсэлтийн шалгалт нь өөрөө уралдаант шалгалт. Хүүхдүүдийг уралдуулж, эрэмбэлж, жагсаах зорилготой. Шалгалт зорилгоосоо хамаараад янз бүр байдаг. Агуулгаа сургалтын үндэсний хөтөлбөрөөр боловсруулдаг. Тухайн мэдлэг чадварыг эзэмшсэн үгүйг нь сургалтын хөтөлбөртөө уялдуулж сэдэв даалгавруудаа сонгодог. Сэдэв даалгавар боловсруулагч нарыг тодорхой шалгуурын дагуу авдаг. Нэг хичээл дээр гурван хүн ажилладаг. Хоёр хүн элсэлтийн шалгалтынхаа материалыг боловсруулна. Мөн хураангуй үнэлгээний нарийвчилсан төлөвлөгөө гаргадаг. Энэ төлөвлөгөөг багш нар шалгуулагчдад 4 сарын өмнө мэдэгддэг. Элсэлтийн шалгалтад 6-12 дугаар бүх агуулга ордог.  Боловсролын салбарт танин мэдэхүйн зургаан түвшин гэж байдаг. Уралдаант шалгалт хөнгөнөөсөө хүнд түвшний бүх даалгаврууд орох шаардлагатай. Хэт хөнгөн даалгавар өгвөл бүх хүүхдүүд шалгалтдаа өндөр оноо авна. Хэт хүнд даалгаврууд өгвөл хүүхдүүд шалгалтдаа хангалтгүй оноо авна. Үүнээсээ болоод эрэмбэлэгдэж чадахгүй" гэв.


Элсэлтийн шалгалтыг энэ сарын 18-21-нд зохион байгуулсан бөгөөд шалгалтад 43318 шалгуулагч оролцсноос эрэгтэй 20500, эмэгтэй 22000 байна. Нийслэлд 21000 хүүхэд  шалгуулсан. Мөн улс, орон даяар 3000 багш хянагч, зохион байгуулагч ажиллажээ.


 

Связанные новости