Израилд нэг сая иргэн вакцины гурав дахь тунг тариулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-08-17 15:33:16

ЙЕРУСАЛИМ. /Times of Israel/. Израилд даваа гаргийн байдлаар нэг сая иргэн “Pfizer” компанийн коронавирусний вакцины гурав дахь тунг хийлгээд байна тус улсын Эрүүл мэндийн яам мэдээллээ.


Тодруулбал, 50-иас дээш насны, вакцины хоёр дахь тунг наад зах нь таван сарын өмнө хийлгэсэн иргэдийн тэн хагасаас илүү хувь нь гурав дахь тунд хамрагдсан гэж Ерөнхий сайдын ажлын алба, Эрүүл мэндийн яамны хамтарсан мэдэгдэлд дурджээ.


“Бидэнд цаашид хийж гүйцэтгэх олон ажил байсаар байна” гэж Ерөнхий сайд Нафтали Беннетт мэдэгдээд, өндөр өртөг бүхий хөл хориог дахин тогтоохгүйн тулд олон нийтийг дархлаажуулах нь ихээхэн ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэсэн байна.


Эрүүл мэндийн сайд Ницан Хоровицын хувьд, Израил бүх хүн амаа вакцинд хамруулахад хүрэлцэх хангалттай нөөцтэй гэдгийг онцлоод, “Бид вакцины гурав дахь тунд хамрагдсан үзүүлэлтийг өндөр байлгаснаар л хөл хорио тогтоохгүйгээр хямралыг даван туулна” гэж хэлжээ.


Энэ сарын эхээр Израил нь 50-иас дээш насны иргэддээ вакцины гурав дахь тунг хийлгэхийг санал болгосон дэлхийн анхны улс болсон юм. Улсын хэмжээнд хүн амын 58 орчим хувь нь вакцины хоёр тунд хамрагдсаны дийлэнх нь “Pfizer”-ийн вакцин хийлгэжээ. 

Связанные новости