БНХАУ-д хоёр тэрбум гаруй тун вакцин тариад байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-08-28 15:02:36

БЭЭЖИН. /CGTN/. БНХАУ даяар коронавирусний хоёр тэрбум гаруй тун вакцин тариад байна гэж тус улсын Эрүүл мэндийн үндэсний хороо мэдэгдлээ. Энэ нь дэлхийн хэмжээнд хийсэн таван тэрбум тун вакцины 40 хувьтай тэнцэж байна.


БНХАУ-д “COVID-19”-ийн вакцинжуулалтад хамрагдсан түвшин энэ оны эцэс гэхэд 80 хувьд хүрч, хүн амын дунд нийтийн дархлаа тогтох төлөвтэй байгаа талаар тус улсын тархвар судлалын нэрт мэргэжилтэн Жун Наньшань саяхан болсон цахим хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.


“Хятадын вакцинуудын үр дүн 70 орчим хувьтай байна. Манай улс нийт хүн амынхаа 80 гаруй хувийг вакцинжуулалтад хамруулснаар нийтийн дархлааг үр дүнтэйгээр тогтоож чадна” гэж тэрбээр хэлсэн байна.


БНХАУ нь 2020 оны долдугаар сараас дотоодын вакцинууддаа яаралтай журмаар ашиглах зөвшөөрөл олгож эхэлсэн юм. Тийнхүү 2020 оны 12 дугаар сарын 15-наас эрүүл мэндийн салбарын ажилтнууд, гадаадад ажиллаж, сурдаг хүмүүс болон хүйтэн хэлхээний салбарын ажилтнууд зэрэг эрсдэлт бүлгийн хүмүүсийг вакцинжуулж эхэлснээр хүн амаа вакцинжуулах хөтөлбөрийг албан ёсоор эхлүүлснээ зарлажээ.


Хятадад энэ оны гуравдугаар сарын 27-нд 100 сая дахь тун вакциныг тарьж, түүнээс хойш нийт хүн амаа үнэ төлбөргүйгээр вакцинжуулах ажлыг эрчимжүүлжээ. Ийнхүү дархлаажуулалтын цар хүрээг өргөжүүлэхийн тулд ахмад настан, хүүхдүүд болон нийт хүн амыг вакцинжуулах ажлыг үе шаттайгаар ахиулсан байна.


Одоогоор Хятад улс “COVID-19-ийн дотооддоо гарган авсан долоон вакциныг ашиглахыг зөвшөөрөөд байгаа ажээ. Тэдгээрийн дотроос “Sinopharm”, Sinovac” компанийн вакцинуудыг хамгийн өргөнөөр хэрэглэж, дотоод, гадаадын аль алинд хүлээн зөвшөөрөгдөөд байгаа юм. Тодруулбал, ДЭМБ эдгээр хоёр вакцины аль алийг яаралтай журмаар бүртгэжээ. 


Хятад улс жилд “COVID-19”-ийн таван тэрбум тун вакцин үйлдвэрлэх боломжтойгоос 1.4 тэрбум хүн амаа вакцинжуулахад үүний тал хувь нь л байхад хангалттай юм. Гэхдээ вакциныг ийнхүү их хэмжээгээр үйлдвэрлэснээр дэлхийн бусад улс орныг төдий хэмжээний вакцинаар хангаж чадна гэж Шанхай хотын вакцины мэргэжилтэн Тао Лина хэлжээ.


Одоогийн байдлаар Хятад улс нь дэлхийн 100 гаруй улс оронд 800 сая орчим тун вакцин нийлүүлээд байгаагийн дийлэнх нь хөгжиж буй улс орнууд байгаа бөгөөд “COVID-19”-ийн вакцины ханган нийлүүлэлтээрээ дэлхийд тэргүүлэгчдийн нэг болоод байна.


Мөн БНХАУ дэлхий дахинд нийлүүлсэн “COVID-19”-ийн вакцины хэмжээг энэ оны эцэс гэхэд хоёр тэрбумд хүргэхийн тулд илүү их хүчин чармайлт гаргаж, дэлхий даяар вакциныг тэгш, хүртээмжтэй түгээх зорилго бүхий “COVAX” хөтөлбөрт 100 сая ам.доллар хандивлахаа энэ сарын эхээр мэдэгджээ.

Связанные новости