НЭМГ 16 хүртэлх насныхныг амны хөндийн үзлэгт хамруулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Эрүүл мэндийн газар (НЭМГ)-аас Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвтэй хамтран “Хүүхдийн шүдний аян” зохион байгуулж байна.
Уг аянд шүд, амны хөндийн өвчний урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, эмчилгээний тусламж, үйлчилгээг зорилтот бүлгийн буюу 16 хүртэлх насны хүүхдүүдэд хүргэж буй юм. Энэ сарын 25-нд эхэлсэн уг аян ирэх сарын 25 хүртэл үргэлжлэх аж. Уг аянд хүүхдээ оруулахыг хүссэн эцэг эх, асран хамгаалагч нь Dentalcenter.mn цахим хаягаар нэвтрэн цаг авах бөгөөд үзлэгийг Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвд даваагаас баасан гарагийн 8.20-19.20 цагт хийх аж.
Ташрамд дурдахад, Эрүүл мэндийн даатгалын тухай шинэчилсэн тогтоолд заасны дагуу хүүхэд тус бүр жилд 3 удаа амны хөндийн тусламж, үйлчилгээг авах эрхтэй юм.