Ажиглагчид эвлэлдэн нэгдэх эрхийг хүндэтгэсэн сонгууль боллоо хэмээн дүгнэв
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын болон аймаг нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийг ажигласан олон улсын ажиглагчдын багаас өнөөдөр “Туушин” зочид буудлын хурлын танхимд урьдчилсан дүгнэлтээ танилцуулав.
Ажиглагчид сонгуулийн бүхий л үйл явцыг ажигласан байна. Ингээд энэ удаагийн сонгуулийг өндөр ирцтэй, өрсөлдөөнтэй хэдий ч аажуу тайван нөхцөлд эвлэлдэн нэгдэх эрхийг хүндэтгэсэн байдалд болж өнгөрлөө хэмээн дүгнэжээ. Ажиглагчдын зүгээс манай улсын парламент Сонгуулийн тухай хуулиндаа цаг тулгаж суурь өөрчлөлт хийсэн. Олон улсын жишгээр бол нэг жилийн өмнө сонгуулийн хуулинд суурь өөрчлөлт хийхээс зайлсхийдэг. Монгол Улсын хувьд сонгууль болохоос 6 сарын өмнө суурь өөрчлөлт хийдсэн нь зарчмаасаа ухарсан. Мөн хуулинд эмэгтэй нэр дэвшигчдийн квотыг 30 хувиас 20 руу буулгасан ч улстөрийн намууд, иргэний нийгмийн ажиглагчдын дунд эмэгтэйчүүд олон байсныг сайшаажээ.
Үүний зэрэгцээ хилийн чанадад ажиллаж амьдарч буй 150 мянган монгол иргэний санал өгөх боломжийг олгоогүй. Гэлээ ч Монгол Улс ардчиллыг хөгжүүлэх үндсэн зарчмаас ухраагүй хэвээр байгаа гэж үзжээ.
Европын парламентын гишүүн Лаима Люсиа Андрикиенэ энэ үеэр хэлэхдээ, “Аливаа сонгуулийн үйл явц, мөн чанар хоёрыг ялгаж ойлгох нь чухал. Үйл явц болвол сонгуулийн зохион байгуулалттай холбогддог. Энэ бол чухал. Гэхдээ сонгуулийн өдөр сайхан байсан гэдэг сайн сонгууль болсон гэсэн үг биш юм. Бидний хувьд мөн чанар илүү чухал. Утга учиртай сонгууль хийхийн тулд сонгогчдод жинхэнэ сонголтыг өгсөн байх ёстой. Энэ удаа сонгогчдод энэ боломж хангагдсан” гэв.
Түүнчлэн сонгогчдын боловсрол, хараат бус хэвлэл мэдээлэл зэрэг цаашид анхаарвал зохих асуудал байна гэж тэд үзжээ. Ажиглагчдын гаргасан энэхүү дүгнэлтийг удахгүй эцсийн байдлаар гаргах аж.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал