Сумогийн 71 дэх аварга Какүрюү М.Ананд дэвжээгээ нээжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумогийн 71 дэх аварга Какурюү М.Ананд “Отаваяма” дэвжээгээ албан ёсоор нээжээ.
Токио хотын Сүмида дүүрэгт болсон дэвжээний нээлтийн үеэр Какүрюү хэлэхдээ, “Бороогүй, сайхан өдөр байна. Өнөөдөр аавын минь төрсөн өдөр. Ийм билэгтэй сайхан өдөр дэвжээгээ нээж, дурсамж үлдээж байгаадаа баяртай байна. Бөхчүүд маань хүчтэй төдийгүй хувь хүнийхээ хувьд сайн сайхан зан чанартай байгаасай гэж хүсье. Бүхний хайрыг татсан бөхчүүд болоосой. Бид нэг гэр бүл, ах дүүс болж цаг хугацааг хамтдаа өнгөрүүлэх ч бэлтгэл эхлэхээр өрсөлдөгчид болж, нэгнээ сайжруулах болно. Бэлтгэл, тэмцээний үе болон амралтыг маш ойлгомжтой, тодорхой зааглах болно” хэмээн ярьжээ.
Шинээр нээсэн дэвжээнд сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн тэргүүтэй есөн сүмоч шавь болж нэгдсэн байна. Ийнхүү ирэх сарын башёгоос эхлэн Какүрюү М.Анандын шавь нар “Отаваяма” дэвжээнийхэн гэж дуудуулах нь ээ.