Цахим гүйлтийн ДАШТ-д Монголын баг "Үндэстнээрээ нэг баг болон гүйцгээе!” уриатай оролцоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн 200 гаруй улс орны тамирчин оролцдог цахим гүйлтийн дэлхийн аварга шалгаруулах “Vitality Running World Cup” тэмцээн ирэх сарын 21-нээс 10 дугаар сарын 10-нд болно.
Өнгөрсөн онд болох байсан тус тэмцээнд 237 улc орон бүртгүүлсэн ч цар тахлын улмаас нэг жил хойшлоод байсан юм.
Тэмцээн гурван үе шаттай бөгөөд эхний шат ирэх сарын 21-26-нд, хоёрдугаар шат ирэх сарын 28-наас аравдугаар сарын 3-нд, сүүлийн шат аравдугаар сарын 5-10-нд болно. Уг тэмцээнд оролцоход төлбөргүй бөгөөд 13 болон түүнээс дээш насны бүх хүмүүс “Running World Cup” аппликейшнд бүртгүүлсэн байх шаардлагатай аж. Харин тэмцээний үеэр гүйхдээ “Strava”, “adidas Running”, “Health App”, “Google Fit”, “FitBit”, “Garmin”, “Under Armour”, “Pacer” гүйлтийн aппликейшны аль нэгийг хэрэглэж, гүйлтээ баталгаажуулах аж. Тэмцээнд оролцогч нь 3 км зайг дээд тал нь 30 минутад туулсан байх шаардлагатай. Энэ анх удаа гүйж буй хүн ч биелүүлэх боломжтой үзүүлэлт хэмээн үздэг тул оролцогчид найз нөхөд, гэр бүлийн хамт 3 км, 6 км, 9 км цаашлаад өөрсдийн нөөц боломжоос шалтгаалан 21 км, 30 км, 42 км зайд гүйдэг аж.
Энэ жилийн Монгол Улсын багийн албан ёсны зохион байгуулагчаар Дэлхийн Монголчуудын гүйлтийн суваг MGL Running Channel ажиллах бөгөөд багийн ахлагчаар тус сувгийг үүсгэн байгуулагч У.Ганзориг шалгарсан байна. Багийн ахлагчийн гол үүрэг тус тэмцээнийг тухайн улс орондоо сурталчлан таниулах, улсынхаа багт аль болох олон гүйгчийг уриалан оролцуулах сурталчилгааны ажлыг зохион байгуулах үүрэгтэй ажээ. Тиймээс энэхүү цахим уралдаанд улс үндэстнээрээ хүчээ нийлүүлэн оролцохыг уриалан "Team Mongolia Run As One Nation" буюу "Үндэстнээрээ нэг баг болон гүйцгээе!" уриалга дэвшүүлэн оролцож байгаагаа У.Ганзориг танилцууллаа. Мөн тэмцээнд амжилттай оролцохын тулд хамгийн багадаа 600 оролцогчтой баг бүрдүүлэхээр зорьж буй тул дэлхий даяар тархан суугаа монголчуудаа "Team Mongolia Run As One Nation" багт нэгдэж Монгол Улсынхаа нэрийг дэлхийд сурталчлах үйл хэрэгт хувь нэмрээ оруулахыг уриалсан юм.
Түүнээс гадна цахим гүйлтийн дэлхийн аварга шалгаруулах энэхүү тэмцээнд оролцсоноор Vitality Running World Cup зохион байгуулагчдын санаачилсан хүүхдийн төлөөх сайн үйлсэд нэгдэх юм. Өөрөөр хэлбэл, тэмцээнд оролцсон хүн бүр 3 км гүйх тутамд 1 ширхэг хүүхдийн вакцин НҮБ-ын Хүүхдийн Санд хандивлах аж.