АНУ-ын Засгийн газраас вакцин, сургалтын зориулалттай хиймэл уушги орлуулагч хүлээлгэн өгөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Ковид-19” халдварын эсрэг 188 370 тун “Файзер” компанийн вакцин болон 50 ширхэг амьсгалын аппаратны сургалтын зориулалт бүхий хиймэл уушги орлуулагчийг АНУ-ын Засгийн газраас ЭМЯ-нд хүлээлгэн өглөө.
Эдгээр тусламжийг хүлээн авах үеэрээ ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, “Ковид-19” халдвар гарснаас хойш АНУ-аас Монгол Улсад халдвартай тэмцэх, сэргийлэхэд зориулж, лабораторийн тоног төхөөрөмж, оношлуур, хувийн хамгаалах хэрэгслийн тусламжийг удаа дараа үзүүлж ирсэн. Энэ нь цар тахалтай тэмцэх, эрүүл мэндийн байгууллагын хариу арга хэмжээ, бэлэн байдлыг хангах, эмч мэргэжилтнийг чадавхжуулах, лабораторийн тоног төхөөрөмж, оношлуур, хувийн хамгаалах хэрэгслийн нөөцийг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэж, талархал илэрхийлэв.
Тэрээр “Ковид-19” халдварын эсрэг 188 370 тун вакцин хандивлаж байгаа нь цаг үеэ олсон нэн чухал ажил болж байгаа бөгөөд эдгээр нь хүн амыг вакцинжуулах ажлыг эрчимжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
ЭСЯ-ны Дэд тэргүүн Грегори Мэй, “Ковид-19” халдварын хүнд сорилтыг даван туулахад улс орнуудын нягт хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, дэмжлэг туслалцаа нэн чухал болохыг онцлоод АНУ-ын Засгийн газраас цаашид Монгол Улсад “Ковид-19” халдварын цар тахалтай тэмцэх үйл ажиллагаа, хүчин чармайлтыг үргэлжлүүлэн дэмжиж ажиллахаа мэдэгдлээ.