Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг коронавирусний вакцинд гэрээр нь хамруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг коронавирусний вакцины гурав дахь тунд гэрээр нь хамруулахаар болжээ.
Энэ талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа Засгийн газрын хуралдааны өнөөдрийн шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.
Дэлхий нийтэд коронавирусний эсрэг вакцин гарснаас хойш нийт 6.4 сая тун вакцин татан авч, иргэдээ дархлаажуулж байгаа юм. Мөн АНУ-аас Монгол Улсад нэг сая тун Файзер вакцин тусламжаар өгөхөөр болсон байна. Ингэснээр Монгол Улс вакцины нөөцөө хангалттай түвшинд бэлтгэсэн хэмээн үзэж байгаа тул өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд гэрээр нь очиж вакцины гурав дахь тунд хамруулахаар шийдвэрлэсэн байна.
Монгол Улсын хэмжээнд энэ сарын 5-ны байдлаар нийт хүн амын 69.2 хувь нь коронавирусний эсрэг вакцины нэгдүгээр тунд, 65.5 хувь нь хоёрдугаар тунд хамрагдсан байна. Харин гуравдугаар буюу сэдээх тунд 10 хувь нь хамрагджээ.