Ирээдүйн спортын шилдэг менежерүүд МҮОХ-нд зочлов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Спортын шилдэг боловсон хүчин бэлтгэх “Jiu jitsu universal management program” хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд МҮОХ-нд зочилж, байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.
Монголын жюү-жицүгийн холбоо, МУБИС-ийн Биеийн тамирын сургуультай хамтран уг хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. Аймаг бүрээс нэг, нийт 22 хүүхэд тус хөтөлбөрт хамрагдсан бөгөөд 4 жилийн турш үндсэн хичээлээ үзэхээс гадна ирээдүйн шилдэг боловсон хүчин, менежер болоход шаардлагатай ур чадварыг эзэмших 15 дэд хөтөлбөрт хамрагдана.
Тухайлбал, 4 жилийн турш
англи хэл сурах, жолооны курст сурах, компьютер, сошиал орчинд ажиллах чадвар
олж авах, бичиг хэрэг хөтлөлт, төсөл бичих, илтгэх чадварт суралцах, оюутан
цэрэг хөтөлбөрт хамрагдах зэрэг олон сургалт багтжээ.
Хөтөлбөрт хамрагдсан
сурагчид 9, 10 дугаар сарыг Монголын спортын байгууллагуудтай танилцах аян хийж
байгаа бөгөөд ийнхүү энэ удаа МҮОХ-нд зочиллоо.
Энэ үеэр Монголын
жюү-жицүгийн холбооны гүйцэтгэх захирал О.Болд-Эрдэнэ “Спортын салбарт
дутагдаад байгаа шилдэг менежер, жюү-жицүгийн боловсон хүчин бэлтгэх нь манай
хөтөлбөрийн гол зорилго. Хүүхдийн мэдлэг чадвар, хандлагыг дээшлүүлэх
хөтөлбөрийн хүрээнд орох сургалтууд бүгд хичээлийн бус цагаар явна.
Бүтэн 4 жилийн турш
үргэлжлэх хөтөлбөрт хамрагдсаны үр дүнд спортын салбар руу ороход бэлтгэгдсэн
шилдэг боловсон хүчнүүд төрөн гарах юм. Цаашид олон улсын хэмжээнд ахисан
түвшний боловсрол олгохын тулд англи хэлний сургалтад онцгойлон анхаарч байгаа.
Хөтөлбөр нийтдээ 2,6 тэрбум төгрөгийн төсөвтэй. Бэлтгэгдсэн боловсон хүчин залуус заавал жюү-жицүгийн холбоонд ажиллах биш, шаардлагатай газарт ч ажиллаад явж болох юм” хэмээн ярив.